Монголын рок попын урлагт өөрийн өнгө төрхөөрөө гялалзаж, гялтганаж яваа дуучин бол “Киви” хамтлагийн ахлагч дуучин Ука.
Багаасаа хөдөлмөрийн амтыг мэдэрсэн тэрээр өөрийгөө гөжүүд, дайчин хэмээн тодотгодог. Ямар нэгэн сэдэл төрвөл түүндээ эрчлэгдээд явчихдаг онцлогтой гэнэ лээ. Харин юмнас амархан уйддаг зантай учраас барьж авсан юмаа тэр цаг хугацаанд нь хийж дуусгахыг боддог гэсэн.
Энэ тухайгаа тэрээр “Би гутарч харагдахыг хүсдэггүй. Бусдын залхуурахыг хараад “Хүүе ээ, босооч ээ! Чи амьд байна шүү дээ” гэж хэлмээр санагддаг. Уламбаяр байхгүй боллоо гээд юу ч өөрчлөгдөхгүй, нар манддагаараа мандана. Харин хийсэн бүтээсэн минь үлдэнэ. Тийм болохоор залхуурч суугаад яах билээ, аль болох ихийг бүтээх хэрэгтэй шүү дээ. Амархан уйддаг зантай учраас үргэлж шинийг эрэлхийлдэг. Хүмүүстэй харилцахдаа, кино үзэхдээ, ер нь юуг ч хийж байхдаа ойр тусгаж авч, анзаарч явдаг. Миний эргэн тойронд харж суралцахаар чадварлаг хүмүүс олон бий” гэжээ.


