Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Монгол улсын Засгийн газраас гэр хорооллын иргэддээ түлш түлээний үнийг 40 хувиар бууруулж, иргэдийнхээ амьдрал амжиргааг дэмжиж буй.
Нэг өрхөд 7 хоногт 6 шуудай шахлам түлш нийлүүлж буй. Ингэхийн тулд гэр хорооллын бүх өрхөд цахим карт, утааны мэдрэгчийг үнэ төлбөргүй тарааж аюулгүй байдлыг давхар хангаж буй. Урд хөршөөс шахмал түлшний түүхий эд болох барьцалдуулагч, түлшний савалгааны уутыг авдаг. Харин хил гааль хаагдсантай холбогдуулан дээрх бүтээгдэхүүнүүд тасалдах эрсдэлтэй нүүр тулсан байна.
Эх сурвалжийн мэдээллээр шахмал түлшний барьцалдуулагч бага хэмжээгээр орж ирж буй бөгөөд зарим тохиолдолд үндэсний үйлдвэрийг хугацаа нь дууссан гурилыг орлуулж байгаа аж. Харин уут савалгааг 25кг-ын улаан ууттай биш, 100 кг-ын жин татах цагаан “тампуу”-гаар оруулахаар болжээ. Ингэснээр 1 “тампуу” нүүрс нь 4 шуудайтай тэнцэнэ хэмээн тооцжээ. Өөрөөр хэлбэл, нэг өрх 6 шуудай нүүрс авах биш, 1 бүтэн “тампуу” 2 шуудай нүүрсийг 7 хоногтоо нэг удаа авахаар тооцоолсон байна.
Ямартаа ч, хил гааль хаагдсан гээд шахмал түлшний үйлдвэрийнхэн гар хумихан суусангүй. Нийслэлийн гэр хорооллынхныг “гал алдуулахгүй”-н тулд чадах бүхнээ хийж буй бололтой.