Монголын сэтгүүлзүйн тод гялбаа бол Шатарбалын Даваадорж. Гадаад төрхийг харвал, сэтгүүлч гэхээсээ илүү чөлөөт уран бүтээлч гэж харагдахаар тэрээр асаж дүрэлзсэн, омголон дэврүүн, бас шаггүй омогтой.
Монголын томоохон хэвлэлүүд болох “Өнөөдөр”, “Засгийн газрын мэдээ” сонинуудад орлогч эрхлэгч, зөвлөх явсан тэрээр ууртай ширүүнээрээ биш, ур чадвараараа Монголын сэтгүүл зүйд байр сууриа дархалж, нэгэн тод өнгө юм.
Түүний намтрыг сонирхвол, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат. Аав нь насаараа сум, аймагт ажилласан, мэс засалч, хүний гавьяат эмч байжээ.
Эрхэм сэтгүүлчийн хувьд багаасаа номонд маш их дурладаг хүүхэд байсан бөгөөд 3-4 дүгээр ангид байхдаа сумынхаа номын сангийн номыг дуусгасан гэдэг.
Дөрөвдүгээр ангидаа аймгийн төвд шилжиж ирээд, аймгийн номын сангийн бүх номыг уншжээ. Зуны амралтаар томчууд, хүүхэдгүй амраад явчихаар номын санд тэр ганцаараа суудаг байсан тухайгаа нэгэн хэвлэлд ярьжээ. Энэ бүхнээсээ үүдэн тэрээр сэтгүүлч болох туйлын мөрөөдлөө олж авчээ. Тэрээр дунд сургуулиа 1990-ээд оны дундуур төгсөөд, Хэл иргэншлийн дээд сургуульд Ази, Дорно дахин судлалаар суралцаж байхдаа “Ардын эрх” сониноос зохион байгуулсан сэтгүүл зүйн шавь сургалтыг төгсөж, сэтгүүлч болох замаа олсон гэдэг.