“Алтан өд-2020” наадамд “Эрхэт Монгол” медиа группийн сэтгүүлч, редактор, яруу найрагч, нийтлэлч Д.Дамдинжав хэдхэн хоногийн өмнө “Суу билгийн судар – Суут нууц” номоо уншигчиддаа өргөн барьсан.
Сэтгүүл зүйн памфлет төрлөөр дагнан бичдэг түүнийг уншигчид “Гол тоглогч” цуврал бүтээлээр уншигч та эчнээ таних биз ээ.
Түүний хувьд сэдвийг зүгээр нэг сэвээд, дурьдаад өнгөрөх биш далд егөө утгатай, хурц шүүмжлэлт агуулгатай нийтлэл бичдэгээрээ салбарынхан дундаа алдартай. Түүний бичсэн нийтлэлийн гарчгууд зарим улстөрчийн хоч хүртэл болчихсон явдаг. “Дон жунай”, “Хүнд жингийн коммунист”, “Зөрүүд зүтгүүр”, “Алтан жур” гэх мэт.
Памфлет гэдгийг сэтгүүл зүй судлаач Т.Баасансүрэн гуай “Улс төрийн шог” гэж хөрвүүлсэн байдаг. Тэгэхээр сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын бүтээл уншиж байгаа хүнээ байтугай бичиж байгаа хүнээ уйдаадаггүй, шүүмжилж егөөдөж байгаа хүнээ хүртэл хэлэх үггүй болгодог билээ.