Монгол Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Жан Жуньтай цахимаар уулзалт хийлээ.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хоёр улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн эл уулзалтыг зохион байгуулж буйг онцлон тэмдэглээд, хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд таатай байгаагаа илэрхийлэв,
БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Жан Жунь хоёр улсын найрсаг харилцаа хөгжихийн зэрэгцээ, талуудын прокурорын байгууллагын хамтын ажиллагаа илт бэхжиж байна. Олон гэрээ, хэлэлцээр удаа дараа байгуулж, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлсэн. Энэ удаагийн цахим уулзалт нь хоёр улсын прокурорын байгууллагын иж бүрэн харилцаанд илүү хувь нэмэр оруулж, харилцан ойлголцол, нөхөрлөлийг сайжруулна гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм.
Энэ үеэр хоёр Улсын ерөнхий прокурорууд улсдаа сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа шинэ эрх зүйн зохицуулалтуудын талаар танилцуулав. Тухайлбал, манай талаас прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах талаар, Хятадын талаас “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хөнгөн ял оногдуулах”, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлын хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулж, харилцан мэдээлэл солилцсон байна.
Талууд цаашид энэ уулзалтын үеэр яригдсан тодорхой асуудлуудын хүрээнд цахимаар болон танхимаар ажил хэргийн уулзалт зохион байгуулж, туршлага судлах, хил орчмын прокурорын газруудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх хамтарсан сургалт зохион байгуулахаар тохиролцжээ.
Мөн эрүүгийн хэрэгт харилцан илгээж буй эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг шуурхай, үр дүнтэй гүйцэтгэхэд хоёр талаас анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

