Загвар өмсөгч гэхээсээ загварын багшаар түлхүү ажиллаж олонд танигдсан “Эра”-гийн Эрдэнэтуяаг нээлттэй, шулуун зантай гэлцэх нь бий.

Загварын ертөнцтэй салшгүй холбогдсон түүний хувьд маркетингийн менежментээр суралцсан нь хорь орчим жилийн турш “Эра” төвийг өдий зэрэгтэй авч явахад нь багагүй нөлөөлсөн гэдэг.
Өдгөө 47 настай тэрбээр Сөнөсөн тэнгисийн найрлага бүхий тансаг зэрэглэлийн Lumior брэндийг эх орондоо албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэлсэн. Бүсгүйчүүдийн таалалд ихээхэн нийцээд буй тус бүтээгдэхүүнээрээ эрхэмсэг бүсгүй маань гоо сайхны ертөнцөд өөр нэг өнгийг солонгоруулж буй гэхэд болно.

Д.Эрдэнэтуяа анх 1995 онд миссийн тэмцээнд орж, мөнгөн эрдэнийн титэм хүртсэнийхээ дараахан гэр бүлтэй болж, гал голомтоо бадрааж байсан билээ. Хөөрхөн үрийн эцэг эх болсон ч үзэл бодол таараагүй учир тэдний амьдрал төдийлөн удаан үргэлжлээгүй. Салсан хэдий ч залуу насны сайхан дурсамжийг үлдээсэн нөхөр нь өнөө хэр хариуцлагаа ухамсарлан хүүтэйгээ ойр дотно байдаг гэсэн. Түүний хүүг Мишээл гэдэг бөгөөд хэдийнэ эрийн цээнд хүрсэн билээ.



