Энэ сарын сарын 17-ны өдөр Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдсан “Сөүл 2022” олон улсын марафон (42.195) гүйлтийн тэмцээн боллоо.
Тус тэмцээнд элит зэрэглэлийн буюу мэргэжлийн тамирчид оролцдог гэдгээрээ онцлог. “Сөүл 2022” олон улсын марафон гүйлтэд A зэрэглэлийн 100 гаруй тамирчид оролцож, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхийн төлөө өрсөлдсөн юм. Энэхүү тэмцээнд хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлах ахлагч Д.Гантулга 2:11:18 гүйж дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа. Марафон гүйлтийн хувьд олон улсын A зэрэглэлийн тэмцээнд оролцож, стандарт буюу 2:11:30 хугацаанд гүйж эрхээ авдаг журамтай. ОУХМ, ахлах ахлагч Д.Гантулгын хувьд АНУ-ын Орегон мужид 7 дугаар сарын 14-18 ны хооронд зохиогдох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ийнхүү оролцохоор боллоо.