Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг “Макс” группынхэн концессын гэрээний дагуу гүйцэтгэсэн. Улмаар 2020 онд ашиглалтад оруулсан тухайгаа олон нийтэд мэдээлж байв.
Тэгвэл тэд тус замыг 15 тэрбум төгрөгөөр барьсныг Эдийн засаг, хөгжлийн яамны шилэн дансанд бүртгэсэн байна.
Энэхүү авто замын барилгын ажлыг концессын “барих-шилжүүлэх” гэрээ байгуулж, 2015 онд эхлүүлсэн хэдий ч ажлын явц хангалтгүй байсан тул 2019 онд Засгийн газраас шийдвэр гарган, концессын эрхийг “Макс рөүд” ХХК-д шилжүүлсэн юм. Ингэснээр 126.7 км автозам барилгын ажлыг 2020 оны 10 дугаар сард дуусган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн.
Үүнээс хойш үргэлжлүүлэн замын бэхэлгээ, цэвэрлэгээ, заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн, зам барилгын ажилд ашигласан шороон материалын орд газруудыг нөхөн сэргээж, орон нутагт хүлээлгэн өгснөөр ажлын хэсгийн 100 хувийн саналаар тус замыг ашиглалтад оруулсан байдаг.