Олон улсын ачаа тээврийн үйлчилгээ ашиглан АНУ-аас нэг төрлийн мансууруулах бодис Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн С.Мандахнар гэх залууд холбогдох хэргийг түүний болон өмгөөлөгчдийнх нь гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ.
Тэрбээр 2021 оны гуравдугаар сарын 13-ны үдэш АНУ-ын Калифорниа муж улс дахь “Бид Монгол” компанийн салбарт өөрөө нэг хайрцагтай ачаа эх орон руугаа ачуулахаар өгсөн бөгөөд барааны мэдүүлэгтээ “Хориотой зүйл байхгүй, хайрцагт хувцас болон чихэр хийсэн” гэж бичсэн аж. Тухайн ачаа нь цар талын улмаас таван сар орчмын дараа буюу өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатарт ирж, “Бид Монгол” компанийн байрнаас С.Мандахнар өөрөө очиж аваад гарахад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд саатуулсан байна. Тэрбээр уг мансууруулах бодисыг “АНУ-ын иргэн найз минь цамц бэлэглэсэн. Түүний халаасанд ийм зүйл байсныг мэдээгүй” гэж мэдүүлсэн гэнэ. НПГ-аас С.Мандахнарт Эрүүгийн хуулийн 20.7-3.3-д заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, илгээсэн хэргийг зохион байгуулалттай үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж. Түүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны хоёрдугаар сарын 23-нд хэлэлцээд С.Мандахнарыг НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэм буруутайд тооцсон байна. Ингэхдээ шүүгдэгч С.Мандахнар нь “Цамцны халаасанд бодис байсныг мэдээгүй” гэх тайлбар нь түүний гэм бурууг үгүйсгэж, цагаатгах үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ. Улмаар шүүгдэгчид таван жил зургаан сар нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн юм.