Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Тангадын Галсан, Монгол Улсын Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч Пунцагийн Бадарч нар хаана ч явсан нэгнээ үнсэж явдаг.
Насны хувьд ойролцоо найрагчдын хувьд залуу зандан цагаасаа нөхөрлөсөн бөгөөд шүлэг, найргын дэвжээнд нэгнээсээ суралцаж явдгаа илэрхийлдэг. Өдгөө тэд 90 насны босго алхсан ч нэгнээрээ тоглоом тохуу хийж, хөгжилдөж явдаг хэвээрээ гэнэ лээ.
Т.Галсан гуайн хувьд Монголын ноёдын нууцаар чуулдаг байсан Биндэръяа хөх нуурын хөвөөнд хурга, тугал хариулж Чингис хаан Наймантай тулалдаж дийлсэн Заг-Байдрагийн Хүрэн билчэрт хурдан морь унаж, анхны болзоонд давхиж өссөнөөрөө өөрөөрөө бахархдаг. Тэрбээр МУИС-ын хэл уран зохиолын ангийг төгсөөд Баянхонгор аймгийн төвийн арван жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байв. Энэ үед буюу 1960 оны эхээр үзэл сурталд харш, эсэргүү зохиол бичсэн хэмээн зохиол бүтээл нь хаагдаж “Эсэргүү” нэр зүүн цөлөгдсөн ганц зохиолч. Ингээд тэмээчин, ямаачин, тууварчин, мужааны ажил хийж байгаад 1970 оноос мах комбинатад ясчин, хөргөх цехийн мастер, АПУ-д ачигч, МЗЭ-ийн хорооны дэргэдэх Нацагдоржийн музейд манаач, улмаар “Монгол кино” үйлдвэрт туслах ажилчин, Баримтат киноны ерөнхий редактор, зургийн дарга, эдийн засагч, 1986 оноос АБЯ-ны сонин сэтгүүлийн нэгдсэн цэцэд хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллажээ.
Тэрбээр Монгол хэл бичгийн дээд сургууль, Хэл иргэншлийн дээд сургуулийг санаачлан байгуулагчдын нэгэн бөгөөд 1992 оноос дээрхи дээд сургуулиудад багшлан, бүтээлээ туурвисаар явна. Анхны шүлгээ 1947 онд бичиж уран бүтээл нь 1950-д оноос төв, хөдөөгийн сонинд хэвлэгдсээр 1962 онд “Төрсөн хүүгийн тань үг” анхны түүврээ хэвлүүлсэн. Гэвч уг ном гурван жилийн дараа хураагдаж улмаар шатаагдсан байна. Үүний дараа Б.Ренчингийн “Монгол бичгийн хэлний зүй”-н гуравдугаар боть, Ц.Дамдинсүрэнгийн “Орос-Монгол толь”-ийн хавсралтыг БНМАУ-д шатаажээ.
Шатаалгадаг түүврээс 10 жилийн дараа хэвлэгдсэн “Өнөр хүний зүрх” ном нь түүнийг Монгол яруу найргийн гэр бүлд дахин багтаав.
Энэ бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан хэмээн зарим судлаачид ташаа бичсэн байдаг. Тэрээр 1990 оны ардчилсан хувьсгалд ард олныг оюун санааны талаар бэлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн “Өр”, “Сталины хөшөө” зэрэг “эсэргүү” шүлгүүдээ “Монголын дуу хоолой” сонинд нийтлүүлсэнээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн ажээ.
Харин Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлийн Гавъяат Зүтгэлтэн, Төрийн соёрхолт Пунцагийн Бадарч 1939 онд Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, Нялга сумын бага сургууль, Эрдэнэ сумын долоон жилийн дунд сургууль, Холбооны техникум, 1994-1998 онд Утга Зохиолын Дээд Сургуулийг Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Ажил хөдөлмөрийн гараагаа 1963 оноос эхэлж Геологи шинжилгээний газар, Реклам чимэглэлийн үйлдвэр, Утга зохиол-урлаг сонин, Монголын зохиолчдын эвлэл, Эрдэнэсант сумын клуб, Хилийн цэрэг зэрэг газарт зураач, сурвалжлагч, клубын эрхлэгч мэргэжлийн зохиолч зэрэг ажлыг 1978 он хүртэл хийж ирсэн бөгөөд 1978 оноос Цэргийн ансамбльд утга зохиолын эрхлэгч, улмаар МЗЭ-ийн орлонч даргаар ажиллаж байсан одоо чөлөөт уран бүтээлч. Уран бүтээлийн замаа 1960 оноос эхэлж “Морьд”,“Есөн эрдэнийн орон”,“Зургаан мөнгөн мичид”,“Алтан тоос”,“Хэрлэнгийн цэцэг”,“Ширхэг цагаан сувд”,“Шилмэл шүлгүүд”,“Нутгийн дуу”,“Намрын хонгор салхи ”,“Эрээвэр хураавар”,“Бурхан багшийн сургаал”,“Бөрттэй цагаан сарны дор ”,“Судартай ногоон дэлхий дээр”,“Юм юмнаасаа” зэрэг шүлэг, яруу найргийн хориод ном, “Дархадын цэнхэр хотгор”,“Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”,“Хонгор нутаг”,“Цэцэгчний хүслэн”,“Миний сайхан хөдөө”,“Гал шарын унага”, зэрэг зуу шахам дуу шүлэг, “Нүүдлийн замд”,“Их хааны хатад”,“Чингис хаан” дуурь бичжээ. Яруу найрагч П.Бадарч шилдэг бүтээлээрээ 1981 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1987 онд Цэрэг-эх орны сэдэвт шилдэг бүтээлд олгодог БХЯ-ны шагнал, “Тэмээ”шүлгээрээ 1987 онд “Болор цом”-н шагналыг хүртэж, улмаар 1989 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1998 онд Монгол улсын “Соёлын гавъяат зүтгэлтэн”, 2005 онд “Ардын уран зохиолч” цол, 2019 онд “Есөн эрдэнийн орон ” найраглалаараа ”Төрийн соёрхол” хүртэж, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, медалиудаар шагнагдсан байна.

