Урлагийн ертөнцөд өөрийн авьяас, гоо үзэсгэлэн, ур чадвар, харизмаараа ялгардаг уран бүтээлч бол МУГЖ У.Уранчимэг. Урлагийнхан дундаа “хар Урнаа” хочтой амьдардаг тэрбээр өөрийнхөө амжилтыг эр нөхөр болох найруулагч Б.Цоггэрэлтэйгээ холбон тайлбарлах дуртай.
Би амьдралынхаа хамгийн том бэлгийг аль хэдийнэ авчихсан хэмээн тэр ярих. Том бэлэг нь ноён Г.Цоггэрэл. Чухам сайн ханийн нөмөрт өөрт заяасан авьяас, чин халуун сэтгэлээр урлагийн тайзнаа тэр орон зайгаа тодорхойлж яваа нь үнэн. Цалин бага ч тэр жинхэнэ оддын зиндаанд хээнцэрхэн амьдарч чаддаг. Эдийн сайныг эдлэх нь нэг буян юм бол тэр үнэхээр азтай эмэгтэй. Тиймдээ ч эмэгтэй хүнд эр нөхөр боловсролоос илүү чухал гэж үздэгээ нуусангүй. Хайрын ургамал хөөрхөн охинтой тэд хамтын амьдралд хорь шахам жилийг элээсэн ч өнөөг хүртэл нөхөр нь өглөө бүр эхнэрийнхээ гарын кофе ууж байж ажилдаа гардаг, орой бол эхнэрээ унтахаас нааш орондоо ордоггүй зуршилтай хачин хархүү. Энэ л амьдрал сайхан юм. Ийм хайр, тийм халуун сэтгэл жүжигчин эмэгтэй гал цогтойгоор дүрэлзэж яваагийн хамгийн том шалтгаан байх. Гялалзсан нүд. Тэгсэн хэрнээ нэвт ширтсэн
бодлогошоронгуй харц. Бас хүүхдэрхүү гэнэхэн туяа сүүмэлзэх түүний нүд. Түүний эрх чөлөө. Түүний үнэн халуун сэтгэл. Түүний ажлаа хобби болгосон аз жаргал. Түүний амталдаг бас асгаруулдаг хайр. Ертөнцийн түм буман гэрэл дундаас тод, гялалзсан нэгэн байж, бас бие биенээ олно гэдэг том хувь зол юм гэнэ лээ.