“Цаг өгье” төслийн хүрээнд тохижуулсан Мэдээллийн төв, хувцас угаалга, халуун усны газрын нээлт болно.
Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Зориг сангийн хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн оролцогчид жил бүр нийгэм рүү хандсан төслүүд хэрэгжүүлдэг бөгөөд 2021-2022 оны оролцогчид 4 багт хуваагдан, төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Цаг өгье” төсөл юм. “Цаг өгье” төсөл нь Сонгинохайрхан дүүргийн Орбит орчимд амьдардаг өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг цагийг багасгах, тэднийг чадавхжуулах, нийгмийн харилцаанд оролцох идэвхтэй оролцоог дэмжих зорилготой.
“Цаг өгье” төслийн хүрээнд хийж буй Мэдээллийн төв, хувцас угаалга, халуун усны газрын нээлт 2022 оны 5 дугаар сарын 21-ний Бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо, Орбитын тойргийн “Тунгалаг” төвд 11:30-13.30 цагт болно. Мэдээллийн төв болон хувцас угаалга, усны газрын нээлтийн үйл ажиллагааг нээж, Монгол дахь Австрали улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны засаг дарга А.Батбаяр, “Тунгалаг” төвийн захирал Ц.Мөнхбаатар нар үг хэлнэ. Төслөөс үр шим хүртэгч эмэгтэйчүүд болон төслийн үйл ажиллагааг дэмжигч “Юнител”, “Анунгоо” компаниудаас ирсэн зочид Мэдээллийн төв болон хувцас угаалга, халуун усны газрын үйл ажиллагаатай танилцсанаар нээлтийн ажиллагаа өндөрлөнө.
Хувцас угаалга, халуун усны газар ашиглалтад орсноор, төсөлд сонгогдон хамрагдаж буй өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асран хамгаалдаг эмэгтэйчүүд хоёр долоо хоногт нэг удаа хоёр сагс хувцас угаалгах, халуун усны газраар үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй болно. Энэхүү үйлчилгээг авснаар, эмэгтэйчүүд дунджаар долоо хоногт “хөлсгүй хөдөлмөр”-т зарцуулдаг 5-6 цагийг хэмнэх боломжтой хэмээн төслийн баг үзэж байна. Ингэснээр, охид, эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүд өөртөө, гэр бүлдээ, улмаар орон нутагтаа “цаг гаргах” боломжийг олгосноороо энэхүү “Цаг өгье” төсөл, наанадаж нийгмийн, цаашлаад эдийн засгийн ач холбогдолтой гэж үзэж байна.
Тус хувцас угаалга, халуун усны үйлчилгээний хүлээлгийн хэсэгт төслийн баг мэдээллийн төвийг тохижуулжээ. Энэхүү мэдээллийн төвийг тохижуулснаар тус дүүргийн иргэд, эмэгтэйчүүд нэн ялангуяа, 34-р хорооны нутаг дэвсэр дэх Нийслэлийн ерөнхий боловсролын 123, 106 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид мэдээллийн төвд байрлуулсан ном, товхимол уншиж, интернэтийн үйлчилгээ авах боломжтой болсон бөгөөд хотын төвөөс алслагдсан орчинд ч иргэд мэдээ мэдээлэлтэй хөл нийлүүлж алхахад дэмжлэг үзүүлэхийг зорьсон байна.
Сонгинохайрхан дүүргийн нийт оршин суугчдын 70 гаруй хувь нь төвийн шугам сүлжээнд холбогдоогүй гэр хороололд амьдардаг. Ядуурлын түвшин нь нийслэлийн дунджаас 7,6 хувиар өндөр.
Түүнчлэн, 2021 онд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Жендэрийн үндэсний хорооноос хамтран хийсэн “Монгол Улсын Ковид-19 цар тахлын үед охид, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөөлж буй нөлөөллийн судалгаан”-аас үзвэл, Сонгинохайрхан дүүргийн захын хороодын өрх толгойлсон эмэгтэйчүүд ажилгүйдэл, ядууралд илүү өртөж байна.
“Цаг өгье” төслийг Юнител ХХК, Айбол ХХК, Аригун ХХК, Шинжидай Метал ХХК-ууд дэмжин ажиллаж байна.
“Цаг өгье” төслийн эргэн тойронд
1. “Цаг өгье” төслийн баг төслийн танилцуулга уулзалтыг 2 удаа, нийт 70 хүнд хийв.
2. “Цаг өгье” төслийн баг 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны засаг дарга А.Батбаяр болон “Тунгалаг” үйлчилгээний төвийн захирал Ц.Мөнхбаатар нартай гурвалсан санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичигт зурснаар хорооны хэсгийн ахлагчид төслийн шалгуур үзүүлэлтийг хангасан эмэгтэйчүүдийг сонгож төсөлд оролцуулах, харин Тунгалаг төв төслийн багийн хөрөнгө оруулалтын хариуд тэдгээр эмэгтэйчүүд бүтэн жилийн турш үнэ төлбөргүй хувцас угаалга, усанд орох үйлчилгээ авах үүргийг хүлээж байгаа юм.
3. Дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд 4 цуврал сургалтыг зохион байгуулахаар төлөвлөснөөс гурвыг нь хийгээд байна.
Тухайлбал,
• 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох, сурагч солилцооны хөтөлбөр” сургалтыг 106-р сургуулийн 174 сурагчийг хамруулж АШУҮИС-ийн багш, доктор Л.Өлзийжаргал, Ховд аймгийн Прогресс дунд сургуулийн сурагч Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн FLEX-сурагч солилцооны хөтөлбөрөөр тэнцэж АНУ-н Аризона мужын дунд сургуульд нэг жил сургалцсаж ирсэн А. Сувд-Эрдэнэ нар туршлагаа хуваалцлаа.
• 2022 оны 4 дугаар сарын 20-ны өдөр “Үе тэнгийн дээрэлхэл ба цахим орчинд ёс зүйтэй байх” сургалтыг 123 болон 106 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн нийт 411 сурагчийн дунд зохион байгууллаа. Сургалтыг “Оюунлаг Монгол төв” ТББ-ын үе тэнгийн дээрэлхлийн сургагч багш, хүүхэд хамгааллын мэргэжилтэн Б.Батзаяа, Т.Сосорбарам нар удирдан явууллаа.
• Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн, зөвлөх, сэтгэл зүйч С.Баасанбаттай хамтран “Өөрийгөө нээх, сэтгэл зүйн дархлаа” сэдвээр өсвөр үеийнхэнд зориулсан сургалтыг 106 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулав. Сургалтад оролцсон ахлан ангийн 100 суралцагч өөрийн дотоод сэтгэлээ сонсох, суралцах арга барилаа олох, бусдыг хүндэтгэх, бусадтай зөв харилцах, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх гэх мэт чухал
• Сүүлийн сургалт болох “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”-ийн сургалтыг эрүүл мэндийн удирдлагын магистр, эх барих эмэгтэйчүүдийн их эмч С.Нармандахтай хамтран 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 106-р сургуулийн ахлах ангийн охидын дунд зохион байгуулна.
4. Эмэгтэйчүүдийг мэдээ мэдээллээр хангах, чадваржуулах цуврал сургалтуудыг зохион байгуулж байна. Үүнээс дурдвал.
• 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “Хөндлөнгөөс нөлөөлөх нь” сургалтын төслийн багийн гишүүн НҮБ-н Хүн амын сангийн жендерийн мэргэжилтэн, эмэгтэйчүүд судлалын магистр Ц.Энхмаа удирдан зохион байгуулж, хүчэрхийлэл талаар мэдээлэл өгөв.
• 2022 оны 3 дугаар сарын 20, 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдрүүдэд эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэднийг чөлөөт цагаа бүтээмжтэй өнгөрөөх, орлогын эх үүсвэрийг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сагс сүлжих” сургалтыг нийт 20 хүнд зохион байгуулав. Сургалтыг сагс сүлжих сургалтын сургагч багш Х.Эрдэнэчимэг хөтлөн явуулав. Түүнчлэн сагсны сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүд төслийг дэмжигч О-реш супермаркетаас анхны сагсны захиалгаа авсан бөгөөд уг захиалгаа цаг хугацаанд нь амжилттай нийлүүлж, төсөлд хамрагдсан эмэгтэйчүүд орлогын шинэ эх үүсвэртэй болсон байна.
• Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”-ийн сургалтыг эрүүл мэндийн удирдлагын магистр, эх барих эмэгтэйчүүдийн их эмч С.Нармандахтай хамтран 2022 оны 5-р сарын 21 ны өдөр зохион явуулахаар төлөвлөөд байна.
5. Угаалгын төвийн хүлээлгийн хэсгийн орчинг тав тухтай, өнгөлөг болгох зорилгоор Notype Crew /Нөүтайп крю/ багийн тусламжтайгаар ханын чимэглэл зургийг хийж гүйцэтгэж, тасалгааны цэцэг, нийт 200 гаруй ном, сэтгүүлийг хандиваар цуглуулж байршуулсан ба интернэтэд холбогдсон 2 ширхэг компьютер байрлуулсан. Ингэснээр иргэд хувцсаа угаалгаж хүлээх зуураа ном уншиж, интернэтэд орох боломж бүрдэх юм. Тохижилтыг дэмжин, хувь хүн төдийгүй байгууллагууд, тухайлбал, “Хөгжлийн шүтэлцээ” ТББ, Монголбанк, Юнител компаниуд хандив өргөв. Мөн Юнител компани 2 гэр интернэт төхөөрөмжийг нэг жилийн турш ашиглах эрх олгосон нь эмэгтэйчүүд өөрсдийн хэрэгцээнд тохирсон мэдээллийг авах, үнэ төлбөргүй цахим платформуудаас хичээл үзэх боломжтой болно.
6. “Цаг өгье” төслийг хэрэгжүүлэх олон шалтгаан буй ч цөөн тоо баримтыг дурдвал,
o нэгдүгээрт, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.6 дахин илүү хугацааг гэрийн ажил, хүүхэд, өндөр настан, эсвэл өрхийн гишүүдийг асрах гэх мэт “хөлсгүй” ажилд зарцуулдаг
o хоёрдугаарт, нийслэлд оршин суугаа өрх толгойлсон эхчүүдийн бараг тэн хагас нь /44хувь/ 3-5 хүүхэдтэй байна. Олон хүүхэдтэй байх тусмаа эмэгтэйчүүдийн “хөлсгүй хөдөлмөр”-т зарцуулдаг цаг их байх хандлагатай. Тухайлбал, тэд хувцас угаах, ус зөөх зэрэгт зарцуулж буй хугацаа буурснаар өөрсдөдөө оюуны хөрөнгө оруулалт хийх боломжийг “Мэдээллийн төв” олгохоор зорьж буй.
7. Энэхүү төсөл нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, зөв дадал зуршилд уриалах, иргэдийн эрүүл мэнд, мэдлэг мэдээллийг сайжруулах, улмаар тухайн нутаг дэвсгэр дэх иргэдийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмрийг оруулж байна. Дэлхийн Банкнаас “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийх нь бүтээмжийг дээшлүүлж, нөөцийг илүү үр ашигтай ашиглах замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгадаг” талаар онцолсон байдаг. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хотын захын хороололд нэн шаардлагатай байгаа хувцас угаалга, халуун усны газрын хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийг бизнес эрхлэгч, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалж байна. Түүнчлэн охид, эмэгтэйчүүдийн бүтээмж, чадавхийг нэмэгдүүлэх, нийгмийн хэвшмэл ойлголт, орчин нөхцөлөөс шалтгаалан тэгш бус хуваарилагдсан цаг хугацааг охид, эмэгтэйчүүдэд өгөхийг зорьж буй нь энэхүү төслийн ач холбогдлыг үлэмж нэмэгдүүлж байна.