“MAAZ” хамтлагийн дуучин, жүжигчин “ID film” студийн үүсгэн байгуулагч, найруулагч Ганзоригийн Жанчивыг танихгүй хүн ховор.
Тэрбээр оюутан ахуй цагаасаа хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж, үзэгчдийн хайртай жүжигчдийн нэг болоод амжсан.
Түүнчлэн найзуудтайгаа нийлэн хамтлаг байгуулж, “Би дурламаар байна”, “Хайр эмзэгхэн”, “Бүтэлгүйтээд” зэрэг шинэлэг өнгө аястай дуу, кино шиг өрнүүн үйл явдалтай клипээрээ шуугиан тарьж байв. Түүний сэргэлэн, хөдөлмөрч зан, уран бүтээлч сэтгэлгээ Монголын кино урлагт цоо шинэ орон зай, өнгө төрхийг бүтээж явна.
Жүжигчин залуугийн хувьд олон ах эгчтэй бөгөөд аав ээжийнхээ хэнз хүү аж. Түүний аав залуудаа балетийн сургуульд тэнцсэн ч ар гэрийнхнийхээ дургүйцэлтэй тулгарч мэргэжлээ сольж байжээ. Тиймээс хүүгээ урлагийн хүн болоход ихээхэн дэмжиж байжээ.