Нэгэн цагт FM-ийн хөтлөгч, “Voice group”-ын дуучин, хамтлагийн ахлагч явсан С.Баттулга гурван жилийн өмнөөс Монгол Улсын Филармонийг удирдах болсон. Түүний хувьд дарга болохоосоо өмнө “Зүрхний уяа” дууг шинэчлэн дуулсан нь олон хүний сэтгэлд хүрсэн энэ. Тухайгаа тэрбээр “Энэ дууг дуулсан шалтгаан маань тус дууны анхны эзэн гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг ах маань миний аавтай их дотно, хуурай ах дүүс явсан юм. Миний аав бүжиг дэглээч, найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Л.Сүхбат гэж хүн байлаа. Энэ хоёр маань 1960аад оны сүүлээр Хэнтий аймагт танилцаж байсан юм билээ. Н.Төмөрхуяг ах маань дөнгөж урлагт хөл тавих гээд л залуухан явсан үе. Тэр үед аав маань Хэнтий аймгийн чуулгад бүжгийн багшаар оччихсон. Тухайн үеэс энэ хоёр маань их ойр дотно найзалж нөхөрлөж, ахан дүүс болцгоосон.
Энэ мэт олон шалтгаан байна л даа. “Зүрхний уяа” дуу маань үртэй, амьдралтай, үйлс бүтээлтэй дуу шүү дээ. Би 2001 онд хуримаа хийж байсан. 2007 онд гурав дахь хүүхдээ өлгийдөж авч байлаа. Их учир утгатай дуу болохоор дуулж байсан л даа. Арав гаран жилийн өмнө дуулсан юм байна шүү” хэмээн дурсаж байжээ.