“Оройтсон бороо”, “Ээжийн нутаг”, “Насанд олдсон хайр” зэрэг хуучны сайхан дуугаараа олонд танигдсан МУГЗ дуучин М.Бямбажав урьд шөнө хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Тэрбээр өөрийн багш, талийгаач МУГЖ дуучин Н.Чулуунхүүтэй хамтран дуулаад 20 жил гаруй болсон гэдэг. Энэ тухайгаа тэрбээр “Би 1989 онд цэрэг байхдаа багштайгаа анх танилцсан. Тэр үед би бүжиглэдэг байв. Багшийгаа таньдаггүй, дууг нь харин сонсдог байсан. Түүний “Ванлий”, “Настан буурал эмээ” зэрэг дуу нь ид мандахын зэрэгцээ багш маань дэд хурандаа цолтой байв. Ийнхүү багштайгаа танилцаад анх “Ай даа хүмүүс минь амьдрах сайхан” дууг нь 1990 онд дуулж байв. Ингээд бодохоор 20 жил болчихож.
Бид хоёр 1990 онд хамт дуулж байгаад дунд нь салж тусдаа уран бүтээл хийсэн тал бий. Мөнхжаргал тухайн үед багшийн сургуульд суралцдаг, хөгжим тоглодог, дуулдаг байсан даа” хэмээн ярьж байсан удаатай.
Түүний багш Н.Чулуунхүү гуай өнгөрсөн жил короновирусын улмаас таалал төгссөн билээ.

