Коронавируст халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээ болоод эрүүл мэндийн байгууллагуудын зохион байгуулалтын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.
-Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын нөхцөл байдал ямар байна вэ?
-“Ковид 19”-ийн халдварын нөхцөл байдал долоодугаар сарын эхний долоо хоногоос хойш огцом нэмэгдэж байна. “Омикрон ВА.4: ВА.5” гэх хувилбар шинээр оношлогдсон. Тус хувилбар нь халдварлах чадвар өндөр, нууц хугацаа богино тул иргэдийн дунд тархалт өндөр байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас мэдээлж байгаа. Нийслэлийн хувьд коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээг тасралтгүй авсаар ирсэн. Өрх, дүүргийн эрүүл мэндийн төв, тандалтын баг, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ, вакцинжуулалт зэргийг өвчлөл буурсан хугацаанд ч тогтмол зохион байгуулсан. Эмнэлгийн салбарын ачаалал өндөр байна. Иргэдийн дунд ч өвчлөл өндөр байна. Бид түргэвчилсэн шинжилгээ, шүлсний шинжилгээ, хувь хүнд илэрч буй шинж тэмдэг, зовуурь, PCR шинжилгээ зэрэг бүхий л төрлөөр оношилгоо хийж, батлагдсан тохиолдол илэрвэл хариу арга хэмжээг авч ажилладаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод гэрийн хяналтад 6000 орчим хүн байгаа. Эмнэлэгт хэвтэх хүсэлтэй иргэд ч нэмэгдэж байна.
Нэмэлт тунгийн вакцинжуулалтад хамрагдах иргэдийн идэвх муу байгаа нь халдварын тархалт ихсэх, эмнэлгийн ачаалал нэмэгдэхэд нөлөөлж байна.
Хэвтэн эмчлүүлэгсдийн дунд уушгины хатгаатай хүмүүс байгаа хэдий ч эрчимт эмчилгээний заалттай хүмүүс харьцангуй бага байна. Нийслэлийн хэмжээнд иргэдийн 72.1 хувь нь бүрэн тунгийн вакцинжуулалтад хамрагдсан бол нэмэлт тунгийн вакцинжуулалт 35 хувь, IV тунгийн вакцинжуулалт таван хувьтай байна. Вакцины суурьтай иргэдэд омикроны шинэ хувилбарууд харьцангуй хөнгөн илэрч байгаа. Хүндрэл бага байгаа хэдий ч олон хүн зэрэг өвчилснөөр эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэж байна. Эрсдэлт бүлэг буюу 0-5 насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, ахмад настнуудын тухайд өндөр халуурах, хатгаа тусах зэргээр шинж тэмдэг хүндэрч байгаа. Нэмэлт тунгийн вакцинжуулалтад хамрагдах иргэдийн идэвх муу байгаа нь халдварын тархалт ихсэх, эмнэлгийн ачаалал нэмэгдэхэд нөлөөлж байна.
-“Омикрон ВА.4: ВА.5” гэх хувилбар халдварлах чадвар өндөр ч хүндрэл багатай байна гэж ойлгож болох уу?
-Хүндрэл багатай гэж ойлгож болохгүй. Нийтээр нь бодож, олон талаас нь харах хэрэгтэй. Эмнэлэгт олон хүн хэвтэнэ гэдэг нь улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэсэн үг. Эмнэлэгт хэвтэхгүйгээр сэргийлэх боломж бий. Маскаа зүүгээд, хүн хоорондын зайгаа бариад, олон хүн цугларсан газраар явахгүй, вакцинжуулалтдаа хамрагдаад халдвараас сэргийлэх боломжтой. Гэтэл хөнгөн тусах юм чинь гээд тоохгүй орхисноор эрсдэлт бүлгийн иргэд олноороо халдвар авч байгаа юм. Үүнийг дагаад эмнэлэгт хэвтэх хүний тоо ихсэж, эмчилгээний зардал нэмэгдэнэ.
-Орны хүрэлцээ хэр байгаа вэ. Эрсдэлт бүлгийнхэнд ор хүрэлцэж байна уу?
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 14 эрүүл мэндийн байгууллагад 1600 ор дэлгэсэн байгаа. Ачаалал ихтэй байгаа тул нэмж 500 ор дэлгэхээр ажиллаж байна. Эмнэлэгт хэвтэж буй иргэдийн дунд эрчимт эмчилгээнд орж, хүчилтөрөгчийн хэрэгцээ нэн шаардлагатай болсон хүний тоо харьцангуй бага байгаа. Хүндрээгүй юм чинь гээд тоохгүй орхиж болохгүй. Олон дахин халдвар авах тусам уушгинд үүсэх эмгэг процесс их байдаг.
-“Ковид 19”-ийн халдвар манай улсад анх бүртгэгдсэнээс хойш хүчилтөрөгчийн аппаратын тоог нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарав?
-“Ковид 19”-ийн эмчилгээний үед Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын зүгээс шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг цаг тухайд нь гаргаж, хүчилтөрөгчийн бага оврын үйлдвэрүүдийг эмнэлгүүд дээр байрлуулсан. Энэ ажил одоогоор 80 хувьтай үргэлжилж байна. Нэмж суурилуулахаар төлөвлөсөн хоёр үйлдвэр гааль дээр ирсэн байна. Түүнчлэн хүчилтөрөгч өтгөрүүлэгч машиныг эрүүл мэндийн байгууллагуудад хангалттай хэмжээнд хуваарилсан. Мөн хананаасаа шууд хүчилтөрөгчөө авч хэрэглэх боломжтой шугамын тоог нэмэгдүүлэх, эрчимт эмчилгээний амьсгалын аппаратын тоог нэмэх зэрэгт анхааран ажиллаж байна. Яг өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний орны ачаалал харьцангуй бага, хүчилтөрөгчийн өндөр хэрэгцээтэй эмчлүүлэгч цөөн байгаа тул энэ тал дээр дутагдаж буй тоног төхөөрөмж байхгүй. Өмнөх давалгаануудын үеэр эмчилгээний бэлтгэл ажлаа ханган, бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөлт хийн, тухай бүрд нь арга хэмжээ авч ажилласаар байна.
Эмнэлгийн коридорт байрлуулсан автомат даралтын аппаратаар өөрөө даралтаа үзэх, хүчил төрөгчийн цусан хангамжаа өөрөө шалган, халуунаа өөрөө хэмжих зэрэг бололцоог нь хангаж өгөхөөр зорьж байна.
-Халдвараас хэрхэн сэргийлэх вэ, халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар л ярилцдаг. Гэтэл олон дахин халдвар авсан иргэддээ ковидын дараах эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа нь чухал. Иргэд уушгины зураг авхуулахдаа заавал хувийн эмнэлэг зорихгүй улсын эмнэлэгтээ хандах боломж хэр байна вэ?
-ХӨСҮТ дээр ковидын амбулатори ажиллаж байгаа. Харин нийслэлийн хэмжээнд найман ковидын амбулатори ажиллаж байна. Дээрх амбулаториуд бүгд рентгений аппараттай бөгөөд шинжилгээ, эмчилгээ зэргийг хийн, мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч байгаа. Ковидын ор дэлгэсэн зургаан эмнэлэгт амбулатори нэмж ажиллуулахаар зохион байгуулалтаа хийж байна. Түүнчлэн иргэдэд “Ковид 19”-ийн дараах шинж тэмдгээс хэрхэн сэргийлэх тухай эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр анхаарч байгаа. Төрийн болоод хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд дээр сэргээн засах уламжлалт эмчилгээг хийж байна.
-Эмч, эмнэлгийн байгууллагын ачаалал хэр байна. Хүний нөөцийн тухайд хүрэлцэж байна уу?
-Тавдугаар давалгааны онцлогоос шалтгаалж эрүүл мэндийн байгууллагуудад хүний нөөцийн дутагдал үүсэж байна. Эхний давалгаануудын үеэр бид зөвхөн ковидтой тэмцэж байсан. Одоо үүн дээр томуу, томуу төст өвчний давалгаа нэмэгдсэн. Томуугийн идэвхжил буурахгүй байсаар омикроны шинэ хувилбартай зэрэгцчихсэн. Үүнээс үүдэн эрүүл мэндийн байгууллагууд ковидын тасаг болон томуугийн тасгийг тусад нь байгуулаад байна. Мөн “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгоо” улс орон даяар өрнөж буйтай холбогдуулан мэргэжлийн эмч, сувилагчдын хүрэлцээ муу байна. Тиймээс бид “Үйлчлүүлэгчийн дэмжлэгтэй эмнэлгийн тусламж” гэх зохион байгуулалтад орсон байгаа. Өөрөөр хэлбэл, эрчимт эмчилгээнд ороогүй, хүндрээгүй эмчлүүлэгч өөрөө өөртөө үйлчлэх байдлаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авна. Эмнэлгийн коридорт байрлуулсан автомат даралтын аппаратаар өөрөө даралтаа үзэх, хүчил төрөгчийн цусан хангамжаа өөрөө шалган, халуунаа өөрөө хэмжих зэрэг бололцоог нь хангаж өгөхөөр зорьж байна. Ингэснээр сувилагч нарт ирэх ачаалал тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байгаа.
-5-11 насны хүүхдүүдийг өчигдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр вакцинжуулж эхэлсэн. Энэ тал дээр ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?
-5-11 насны хүүхдүүдийн вакцинжуулалт эхэлсэнтэй холбогдуулан вакцин хийсний дараа үүсэх хариу урвалаас сэргийлэх, бие хямарсан тохиолдолд тусламж үйлчилгээг зөв үзүүлэх чиглэлээр мэдлэг сэргээх сургалтуудыг эмч, сувилагч нарын дунд зохион байгуулж байгаа. Бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрх вакцины цэгээр дамжуулан хүүхдүүдэд вакцинжуулалт хийж байна. Хүүхдүүд заавал аав ээж, асран хамгаалагчтайгаа хамт ирэх шаардлагатай. Ингэснээр эцэг эх, асран хамгаалагч нарт вакцины танилцуулга хийж, анкет бөглүүлэн, зөвшөөрөл авсны үндсэн дээр вакцинжуулалт хийх юм. Тухайн вакцин хийж буй өрөө болоод эмчийн үзлэгийн өрөөнд камер суурилуулж байгаа. Энэ нь вакцинжуулалт болон үзлэгийг стандартын дагуу хийж байгаа эсэхийг хянах, баримтжуулах зорилготой.
-Хугацаа нь дууссан вакцин хийж байна гэх хардлага иргэдийн дунд байдаг. Вакцины хадгалалт, нөөц ямар байгаа вэ?
-5-11 насны хүүхдүүдэд хийх вакцин яг хүүхдийн тунгаар байгаа. Өчигдрөөс эхлээд бүх эрүүл мэндийн байгууллагууд руу хуваарилалт хийсэн. Хүйтэн хэлхээний систем буюу электрон термометр нь цахим хэлбэрээр 24 цагийн турш мэдээллээ цуглуулдаг. Тус мэдээллийг өдөр тутам ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба руу илгээдэг. Ингэснээр термометрийн заалт ямар байгааг тогтмол хянадаг гэсэн үг.
-Ковид бол одоо шинэ өвчин биш гэж үзэх болжээ. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Иргэдийн дунд маш буруу ойлголт байгаад байна. Мэдээж ковид удаан хугацаанд үргэлжилж буй нь яваандаа улирлын томуу шиг болох хандлага байгаа. Гэхдээ нэг дор олноороо халдвар аваад байгаа нь маш том асуудал шүү дээ. Анх халдвар дэгдэж байсан үетэй харьцуулахад шинж тэмдэг хөнгөн, вакцины суурьтай иргэд 70 гаруй хувийг эзэлж байгаа ч олноороо зэрэг өвчилж байгаа нь эрүүл мэндийн байгууллагуудад нэмэлт ачаалал өгч, өвчилж буй хүний уушгинд үүсэх эмгэг нэмэгдэж байна. Мөн улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлнө шүү дээ. Сэргийлж болох өвчнийг үл тоож, хайхрамжгүй хандаж болохгүй. Тиймээс иргэд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол халдваргүйжүүлэх зэрэг энгийн үйлдлээрээ халдвараас сэргийлэх хэрэгтэй байна. Энэ бол нэг саяас дээш хүн амтай хотод амьдарч буй иргэн таны бусдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм шүү.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар