“Ид шидийн орон” төслийн санаачлагч, “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч, сошиал нөлөөлөгч Ч.Ганжавхлан өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Номын баярт “Эмо үүрд” стилээрээ гангарахаа мартсангүй. Энэ хувцаслалт түүний нэрийн хуудас болж буй гэдгийг баталж манай папараци дуран онцлон дурандлаа.
Өөрийн “Чөтгөрийн бясалгал” номоо худалдаалах үеэр бусад зохиолчдоос өөрийн өнгө төрх, гадаад үзэмжээрээ ялгарч байжээ.
“Эмо үүрд” хэмээх логотой өнгөлөг хүрэм, хүрэмтэйгээ хослуулсан оймс нь олны анхаарлыг ихээхэн татаж, өөрийнхөө асарт олон хүнийг цуглуулсан гэнэ шүү.
Түүний бичсэн “Чөтгөрийн бясалгал” ном нь номын өдөрлөгийн хамгийн борлуулалттай номуудын нэг байсан аж.
Номынхоо тухай тэрээр “Гялгарт шунаж хийсвэрт тэмүүлэх уралдааны замаас гараад алхвал модтой устай тэр бүү хэл амтат жимстэй уулын сайхан жим бий. Чөтгөр гээчтэй жинхэнэ нүүр тулвал дүрс чинь харагдах ч магад…” гэжээ.
Ч.Ганжавхлангийн хувьд өдгөө 2013 онд “ Боорцог ба сарнай”, 2014 онд “Автуус ба амьдрал”, 2015 онд “8км 400 м” номоо хэвлүүлсэн бол энэ 2021 онд “Чөтгөрийн бясалгал” номоо гаргасан.