Дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдрийн байдлаар нийт 175 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ялангуяа 1 хүртэлх насны хүүхдүүд их хэвтэж байна. Ачааллын үед Нэгдсэн эмнэлэг дотоод зохион байгуулалтын ажлуудыг хийж эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
1. Мэдрэлийн тасгаа бүрэн чөлөөлж хүүхэд хүлээн авч байна. Мөн сургалтын өрөө, тоглоомын өрөөг суллан нэмэлт ор тавин тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
2. Хүлээн авахаар үзүүлэхээр ирж байгаа хүлээгдлийг бууруулахын тулд хүлээн авах дээр 3 ээлжээр тус бүр 3 эмч ажиллуулж байна. Мөн 2 газар хүүхэд хүлээн авч эрэмбэлэн ангилалтыг хийж байна.
3. Өрхийн ЭМТ-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа нь ачааллыг хуваалцаж байгаа хэдий ч ажил тарсанаас хойш, амралтын өдрүүдэд хүүхдүүд их ирж байна.
Өглөөний байдлаар 7 хүүхэд эмнэлгээс гарсан, 14 хүүхэд шинээр хэвтсэн тул коридорт эвхдэг ор тавин ор чөлөөлөгдтөл хүүхдүүдийг хүлээж авч байна.
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 165 орон дээр 280 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн долоо хоногт 250-аас буугаагүй байна. 30 ортой хүүхдийн 3-р тасгийг нээж ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл нийт ирж үзүүлж байгаа хүүхдийн 30% нь хэвтэж, 70%-д зөвлөгөө өгч буцааж байна. Нийт ирж байгаа хүүхдийн 90 орчим хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Оношийн хувьд 30% нь хатгалгаа, 60-70% нь ларингит, бронхоспазм, бронхит оношоор эмчлэгдэж байна.
Хүлээн авахын ачаалал маш их байна. Хүлээн авах дээр эмч, сувилагч нэмэлтээр ажиллуулж байна. Тэтгэвэрт гарсан болон резидент эмч нарыг нэмэлтээр ажиллуулж байгаа. Эм тарианы нөөц, тоног төхөөрөмж хангалттай байгаа талаар удирдлагууд ярьж байв.
Хүүхдийг өдөр бүр үзэж эмнэлгээс гаргаж байгаа хэдий ч хэвтэлт их байгаагаас ялангуяа амралтын өдрүүдэд хүүхдийг коридорт эвхдэг орон дээр авч байна.