УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-д хийсэн айлчлалынхаа дараагаар өөрийн албан ёсны цахим хуудаснаа 1990 онд Ардчилсан нийгэмд шилжиж Монгол улс болсон эх орноо хуучин нэршлээр нь “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээн тодотгосон олны дургүйцлийг төрүүлээд байсан.
Тэгвэл Төрийн гурван өндөрлөгийн нэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн өөрөө тус постыг бичээгүй гэнэ шүү.
Эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр энэхүү постыг хийжээ.
Учир нь тэрбээр Г.Занданшатарын хувийн пэйжийнх нь админыг хийдэг аж. Бүхэл бүтэн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар хувийн пэйжээ хөтлүүлнэ гэдэг нь Г.Занданшатарын их итгэлийнх биз.
Гэвч хариуцлагатай алба хашиж яваа хүн эх орныхоо нэрийг он цагаар ухраан, “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээн онцолсон нь яав ч зүгээр үйлдэл биш юм.
Санаатай ч бай, санамсаргүй ч бай нам нэгт, нутаг нэгт, сайнаар ярьвал холын цусан төрөл УИХ-ын дарга ахынхаа нэр нөлөөнд халдаж буй явдал юм.
Монгол улсын он цагаар нь ухрааж бичсэн энэхүү үйлдэлдээ УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр монголчуудаасаа уучлалт гуйж, ухамсартайгаар хариуцлагаа хүлээх ёстой.
Түүний хувьд сэтгүүлч мэргэжилтэй, “ТВ8” телевизийн продюсерээр ажиллаж байгаад өнгөрсөн 2021 оны нэгдүгээр сард УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх буюу УИХ-ын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилогдсон байдаг.