“Огцрох Амархан” жагсаал нь 2025 оны 05 сарын 14-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг улс төрийн хариуцлага хүлээж огцрох анхны шаардлага дээр нэгдсэн, аяндаа үүссэн жагсаал юм.
2025 оны 05 сарын 14-ний өдрөөс эхэлсэн тус жагсаал 16 дахь өдрөө үндсэн шаардлагаасаа буцалгүй эвлэлдэн нэгдэж байна.
Гэтэл энэ хугацаанд Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаалын анхны шаардлагыг үл ойшоож, хариуцлагыг өөрөөс булзааруулж, мөн өргөн барьсан итгэл хүлээлгэх тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн Хуулийг улс төрийн арга хэрэгсэл болгож ашигласан байгаа зэргийг эрс эсэргүүцэж жагсагчдын зүгээс УИХ-ын Дарга Д.Амарбаясгалантай тодорхой асуудлын хүрээнд 24 цагийн дотор уулзах шаардлагыг хүргүүлсэн билээ.
Ийнхүү УИХ-ын Дарга Д.Амарбаясгалан жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзах болсноо зохион байгуулагчдад мэдэгджээ. Тэрээр “Залуусыг шаардлагыг сонсож, санаа бодлыг нь хүндэтгэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
УИХ-ын Дарга Д.Амарбаясгалантай хийх уулзалт дараах томьёоллын хүрээнд өрнөх аж.
“1. Улсын Их Хурал нь Засгийн газарт хяналт тавих бүрэн эрхтэй институт болохын хувьд хяналтын механизмаа ажиллуулах, 2. Иргэдийн дунд уур бухимдал үүсгээд буй асуудал нь хамтарсан Засгийн газрын асуудал бус Л.Оюун-Эрдэнэ хэмээх албан тушаалтны өөрийн хариуцлага хүлээх асуудал тул үүнийг засаглалын институт хоорондын асуудал болгож өргөжүүлэлгүй, тус албан тушаалтны өөрийнх нь хариуцлагын хүрээнд шалгах, хариуцлага тооцох, 3. УИХ-д Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл боловсруулахдаа хамтарсан Засгийн газарт холбогдуулан томьёолсон нь асуудлыг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнээс булзааруулсан шинжтэй байгааг анхаарч УИХ-ын дарга албан ёсны байр сууриа иргэдэд нээлттэй илэрхийлэх”
Уг уулзалт хэвлэлд хаалттай болох юм. Бид энэхүү уулзалтын талаар эргэж мэдээлэх болно.