Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зарлиг гарган нэр бүхий таван хуульчийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томиллоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны долоодугаар сарын 18-ны өдөр давж заалдах шатны шүүхийн шүүгчийн нийт 8 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, оноогоороо хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн 5 нэр дэвшигчийг хуулийн дагуу шүүгчээр томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр хүргүүлээд байсан юм. Улмаар тус 5 хуульчийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн хугацаандаа шүүгчээр томилжээ.
Ийнхүү Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Т.Шинэбаяр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Т.Бадрах, Д.Золзаяа, Э.Энэбиш нар, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр З.Түвшинтөгс нар тус тус ажиллахаар боллоо.
Хуулийн лавлагаа:
Шүүхийн тухай хууль
35.1.Ерөнхий зөвлөл энэ хуулийн 34.8-д заасан эрэмбийн дагуу нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор зарлагдсан орон тоогоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.
Монгол Улсын Үндсэн хууль
51.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль
12 дугаар зүйл.Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх: 16.Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.