УИХ-ын дэд даргын албан тушаалаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын суудлаар сольсон Т.Аюурсайхан өчигдөр АТГ-т очиж яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцжээ. “Нүүрсний” гэх хэргийг шалгаж буй тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн түүнийг яллагдагчаар татах санал НПГ-т хүргүүлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Прокурорын ажлын хэсгийнхэн Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1-3-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” хэмээн яллагдагчаар тооцох тогтоол баталж, түүнд танилцуулахыг мөрдөгчдөд даалгасан аж. Үүний дагуу өчигдөр тэрбээр АТГ-т очиж уг тогтоолтой танилцан гарын үсэг зураад явжээ. Гэхдээ ямар ч мэдүүлэг, тайлбар өгөөгүй юм байна.
Хэрвээ Т.Аюурсайхан гишүүнийг гэм буруутай гэж шүүхээс үзвэл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа