Ховд аймгаас Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэдэг нийтийн тээврийн автобусаар 67 заарт харх дайвар ачаа болгож илгээснийг энэ сарын 04-нд Экологийн цагдаагийн албаныхан илрүүлэн хүлээн авагчийг нь тогтоон шалгаж байна.
Ус, хуурай газрын алинд нь ч амьдардаг эл амьтныг Монгол орны хөхтөн амьтны улаан дансанд “анхааралд өртөхөөргүй” гэж үнэлэгдсэн байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Ховд аймгийн нутаг дахь Хар-Ус нуур орчмоор эрс өсөж, хадлан бэлчээр, нуурын зэгсэнд ч хор хохирол учруулах зэргээр сөрөг нөлөө учруулж буй учраас нутгийн иргэд ихээр агнах болсон аж. Харамсалтай нь ингэж агнаснаараа иргэд хуулийн хариуцлага хүлээх нь ч их болж, тойргоосоо сонгогдсон түшээдээрээ дамжуулж, БОАЖЯ-нд хандан гарц хайж эхэлсэн байдаг. Арьсаар нь үслэг эдлэл хийдэг энэ амьтны тоо толгойг Ховд аймгийн Хар-Ус нуурын орчимд эцэслэн тогтоогоогүй гэх мэдээлэл бий. Арьсыг нь бэлтгэх MNS:0834-2001 стандарттай уг амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг нэгийг нь 6000 төгрөгөөр тогтоосон байдаг. Хууль бусаар агнасан, тээвэрлэсэн нь тогтоогдвол эл үнэлгээг хоёр дахин нугалж төлүүлэх хууль үйлчилж буй билээ.
Тиймээс ховордож буй ан амьтныг агнахгүй, хориглосон болон хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэхгүй, бусдаас дайвар зүйлс авахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

