Машины зорчигчоор арын суудалд явсан хүн өнөөдөр ослын буруутан болж, ял үүрээд явж байна. Харин түүний гэр бүлийн хүн нь ч худал мэдүүлэг өгсөн хэргээр давхар буруутгагдаж, өдгөө нялх хүүхэдтэйгээ, бие давхар хэцүүхэн байдалтай байна. Энэ тухай гэрч байсан ч гэмт хэрэгтэн нэртэй болсон Ж.Буяндэлгэрийн эхнэр Т.Баянсүрэнтэй ярилцлаа.
-Танай нөхөр Ж.Буяндэлгэр өнөөдөр хийгээгүй хэргийнхээ төлөө хэрэгтэн болоод хоригдож байгаа тухай сонслоо. Хэрэг явдлын талаар бидэнд мэдээлэл өгнө үү?
-2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би нөхөр Ж.Буяндэлгэр, хойд аавын хүү Ч.Лхамдорж, үеэл дүү, охинтойгоо манай эзэмшлийн Prius-20 загварын автомашинаар Төв аймгийн Алтанбулаг суманд орших ээж аав дээрээ очоод 23-ны үдээс хойш наашаа буцсан юм. Ингээд буцаж явахдаа Хан-Уул дүүргийн 12-р хороо буюу Биокомбинатын зам дээр 21 цагийн үед осол гаргаж, хоёр хүн мөргөж гэмтээсэн. Тухайн үед манай машиныг миний нөхөр бус, хойд аавын хүү Ч.Лхамдорж барьж явсан юм. Харин би жолоочийн хажуугийн суудал дээр дөрвөн сартай охинтойгоо, манай нөхөр арын суудалд сууж явсан.
Нөхөр маань тухай үед жолооны курст сурч байсан болохоор үнэмлэхгүй, Ч.Лхамдорж жолооны үнэмлэхтэй байсан юм.
-Зам тээврийн ослын үеэр хэд орчим насны хэдэн хүн гэмтэж бэртсэн юм бэ. Хэргийн газарт цагдаагийн газрынхан ирж хэмжилт хийсэн үү?
-45-50 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарцгүй газарт мөргүүлж, гэмтэж бэртсэн. Замын цагдаагийн бүрлдэхүүн ирж хэмжилт хийсэн. Цагдаагийн бүрэлдэхүүн ирэхээс өмнө түргэн тусламж ирж, мөргүүлсэн хоёр хүнийг аваад явсан.
-Тэгвэл цагдаагийн бүрэлдэхүүн ирж, хэмжилт хийсэн мөртлөө автомашин жолоодож явсан гэх Ч.Лхамдорж яагаад гэмт хэрэгтэн болоогүй, зорчигчоор явсан гэх танай нөхөр энэ хэргийг үйлдэгч болчихов оо?
-Хэмжилт хийх үед жолоочийг үлээлгэхэд Ч.Лхамдорж үлээж, “Би машин барьж явсан” гэдгээ хүлээн шалгуулсан. Ингээд осол гарсан 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 12 дугаар сар хүртэл хэргээ үүрээд яллагдагчаар татагдаад явж байгаад гэнэт л 12 дугаар сарын сүүлчээс хэргээсээ буцсан.
-Ингэж хэргээсээ буцах болсон шалтгаан нь юутай холбоотой юм бэ?
-Дөрөвдүгээр сард гарсан ослоос хойш гурван сарын дараа 08 дугаар сарын 07-нд гэрч гээд нэг эмэгтэй гарч ирсэн. Т.Энхчимэг гэдэг. Энэ үеэс л Ч.Лхамдорж “Чи яагаад хэргээсээ буцаж байгаа юм бэ” гэхээр “Намайг нотлох гэрч гараад ирсэн. Тийм учраас би машиныг чинь барьж яваагүй, Буянаа ах барьж явсан” гээд л эхэлсэн.
Тэр гэрч гээд байгаа эмэгтэй нь автобусны буудлаас ирсэн гээд байгаа юм. Осол болох үед нэг эмэгтэй ирчихсэн байсан. Гэхдээ тэр эмэгтэй яг тэнд байсан эсэхийг санахгүй байна. Гэнэт л 08 дугаар сарын 07-нд анх мэдүүлэг өгсөн юм билээ. Гэрчийн мэдүүлэг бодит, үнэн гэж байгаа ч хаанаас, яаж олж ирснийг нь мэдэхгүй, бидэнд ч тайлбарлаж байгаагүй. Т.Энхчимэг гэгч эмэгтэй яг хэргийн газарт байсан эмэгтэй мөн үү гэдэгт бид эргэлзэж байгаа. Тэр эмэгтэй танин олуулах үйл ажиллагаан дээр хэн ч харсан тодорхой, өндөр, нам хоёр хүнээс намхан нь машин барьж явсан гэж хэлээд л шийдчихсэн.
-Энэ хэрэг шалгагдах явцдаа 3-4 байцаагч солигдсон гэж байсан. Яагаад байн байн байцаагч солигдсон юм бол. Ч.Лхамдорж гэгч хүн хэрэг гарснаас хойш бүтэн долоон сарын турш гэмт хэрэг үйлдэгч гэж явж байгаад л танай нөхөр гэнэт он гараад гэмт хэрэг үйлдэгч нь болсон гэсэн?
-Яагаад байцаагчид солигдсоныг сайн мэдэхгүй байна.
-Ослын дараа хохирогчид болох эрэгтэй, эмэгтэй хоёрын биеийн байдал ямар байсан бэ. Тэд ямар гомдол гаргасан бэ?
-Шүүх эмнэлгийн хамгийн эхний дүгнэлтээр эрэгтэйг нь хөнгөн, эмэгтэйг нь хүндэвтэр бэртэлтэй гэж гаргасан юм билээ. Эмэгтэй нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж, эрэгтэй нь маргааш нь эмнэлгээс гарсан байдаг. Тэгтэл 08 дугаар сард шүүх эмнэлгийн дүгнэлт ахиж гаргуулаад нөхрийг нь хүндэвтэр, эхнэрийг нь хүнд бэртэлтэй гэж гаргасан.
-Энэ хэргийг судлаад үзэхэд осолд орсон гэх эмэгтэй өдгөө Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуульд багшилдаг болох нь тогтоогдсон. Гэтэл энэ багш зам тээврийн осол орсныхоо дараа сэтгэцийн өвчтэй болсон гэж тогтоолгосон гэсэн. Энэ үнэн үү. Тэгэхээр сэтгэцийн өвчтэй хүн хүүхдүүдэд эрдэм ном заагаад явж байна гэсэн үг үү?
-Би ч гэсэн санал нэг байна. Хохирогч гэх эмэгтэй одоо ч сургуульдаа багшилж байгаа гэсэн баримт нотолгоо байгаа юм билээ. Хохирогчид болох эхнэр, нөхөр хоёр анх шүүх хурал болоход 103 сая төгрөг нэхэмжилсэн. Бид ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байхад нь хоёр сая гаруй төгрөгийн эмчилгээний мөнгө өгсөн. Харин шүүх хурлаас 50 сая төгрөгийг ирээдүйд гарах эмчилгээний зардал гэж тогтоолгүй гаргаж, өгсөн баримтаар нь 61 сая гаруй төгрөгийг нэхэмжилсэн.
-Хохирогч гэх эмэгтэйтэй та нар уулзсан уу?
-Үгүй. Нэг ч удаа уулзаагүй. Хохирогч эмэгтэй нэг ч удаа шүүх хуралд ирээгүй. 06 дугаар сард Азбаяр байцаагч дээр энэ хэрэг байхад нэг удаа мэдүүлэг өгөхөөр дуудагдсан юм билээ. Тэгэхэд “Би хаана ирчихсэн юм бэ” гэх зэрэг дэмий юм ярьж, түүнээс хойш ой санамжаа алдчихаж гэж үзээд нэг ч удаа байцаалт аваагүй гэсэн. Хөхцэцэг гэгч энэ эмэгтэйн хууль ёсны төлөөлөгч Бямбажав гэдэг хүн, осолд орсон эрэгтэй л шүүх хуралд оролцож байсан.
-Хохирогчид мөн мэдүүлэг өгсөн байж таарна. Тэд яг хэн нь жолоодож явсан талаар байцаалт өгөхдөө юу гэж мэдээлсэн бол?
-Тэд дандаа манай нөхрийг машин барьж явсан гэж хэлсэн байдаг. Хамгийн эхлээд Гантөмөр буюу хохирогч эрэгтэй байцаалт өгөхдөө “Би осол болох үед ухаан алдсан байсан. Хэн барьж явсныг нь сайн санахгүй байна” гэсэн юм билээ. Харин удаа дараагийн байцаалтаар өнөөх хүний мэдүүлэг нь зөрөөд, өндөр залуу нь биш, намхан нь гэх болсон. Манай нөхөр жолоо барьж явсан залууг бодвол нуруугаар арай намхан.
-Анхан шатны шүүх хурлаар танай нөхөр Ж.Буяндэлгэрийг гэмт хэрэгтэн болгоод, Ч.Лхамдоржийг гэм буруугүй гэж гаргасан гэсэн. Нөхөрт тань яг хэдэн жилийн ял оноосон юм бэ?
-Манай нөхөр Ж.Буяндэлгэрийг 2018 оны 01 дүгээр сараас эхлэн яллагдагчаар татаж, Нийслэлийн тээврийн прокурор Н.Анхбаяр шалгаж байсан. Харин Ч.Лхамдоржийг ердөө л гэрчээр авч үзэж байсан. Анхан шатны шүүх хурлаас манай нөхөр Ж.Буяндэлгэрт нэг жил, 8 сарын ял оноосон.
Харин намайг 2018 оны 04 дүгээр сард гэрчээр байцаалт өг гэж дуудсан юм. Ингээд очтол Н.Анхбаяр прокурор хамт байцаалт аваад, энэ байцаалтаас хойш санаатайгаар худал мэдүүлэг өглөө, Ч.Лхамдоржийг машин жолоодож явсан гэж санаатайгаар худал хэлсэн гэж намайг яллаж, яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хурлаас миний бүтэн жил ажиллах эрхийг хасч, 500 мянган төгрөгийн торгууль ногдуулсан юм.
-Ч.Лхамдорж бүтэн долоон сарын турш цагдаагийн байгууллагад шалгагдаж, хавтаст хэрэгт бүх хэргийн материал авагдсан хэрнээ гэрчүүд байсан та хоёр гэмт хэрэгтэн нь болчихлоо. Энэ асуудлаар та нар өөр хуульч, өмгөөлөгч авч хэргээ задалсан уу. Шүүхээс яагаад энэ асуудлыг авч хэлэлцээгүй юм бэ. Прокурор, мөрдөн байцаагчид өөрсдийнхөө дүгнэлтийг яаж хийсэн бэ?
-Ч.Лхамдоржид хэрэг болсны дараа манайх Хүрэлбаатар гэдэг өмгөөлөгч авч өгсөн. Гэтэл 01 дүгээр сараас эхлэн Ч.Лхамдоржийн хэргийг ч хэрэгсэхгүй болгож, өмгөөлөгч нь ч чимээгүй болсон. Харин манай нөхрийг яллагдагчаар татаад эхлэх үед бид хоёр дахиж өмгөөлөгч авсан. Дашдамба гэдэг өмгөөлөгч. Гэтэл өмгөөлөгч маань ч дорвитой ажиллаж өгөхгүй, анхан шатны шүүх хурал хүргэсэн тул бид шүүх хурлаас хоёр хоногийн өмнө өмгөөлөгчөөсөө татгалзаад, Д.Оюунбаатар гэдэг өмгөөлөгчийг авсан.
-Хэргийн газарт хэмжилт хийсэн, тухайн үед Ч.Лхамдорж автомашин жолоодож явсан гэдгийг нь тогтоочихсон биз дээ. Тэгсэн байхад та нар яагаад өдий хүртэл гомдол гаргаагүй, өдий хүртэл явчихсан юм бэ?
-Бид хоёр цагдаа, шүүхэд бүх зүйлийг үнэн зөвөөр нь шийдээд өгнө гэж маш их итгэж байсан. Энэ талаар Н.Анхбаяр прокурортой ч уулзаж байсан. “Та хоёр худлаа яриагүй бол бид үнэн зөвийг нь тогтооно оо” л гэж байснаа гэнэтхэн нэг өглөө дуудаад л яллах дүгнэлттэйгээ танилц, шүүх рүү шилжүүллээ гээд дуудсан.
Ингээд анхан шатны шүүх хурлын дараа Нийслэлийн шүүхээр ороод, улсын хяналт, Улсын Дээд шүүх хүртэл явчихсан. Нийслэлийн шүүх хурлаар манай нөхрийн 1 жил 8 сарын ял дээр дахиад жил нэмж, 2 жил 8 сар болгож, миний нэг жил ажиллах эрхийг хассаныг “мэргэжлээрээ ажиллах эрх” болгон өөрчилсөн. Тэгээд Улсын Дээд шүүхэд хандаад, 2018 оны 12 дугаар сарын 19-ний шүүх хурлаар нөхрийн жолооны эрхийг хоёр жилээр хасч, 2 жил, 8 сарын ялтай, 61 сая 507 мянган төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр болсон. Харин миний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болгосон.
-Анхан шат, давж заалдах, Нийслэл, Улсын Дээд шүүх хурал гээд 3-4 шатны шүүх хурлаар орчихсон юм байна. Одоо та бүхний найдлага юу байна вэ?
-Ерөнхий шүүгчдийн шүүх хуралд хандана. Монгол Улсын Ерөнхийлөгч, Хүний эрхийн комисст ч хандъя гэсэн бодол байгаа. Мөн өмгөөлөгчөөрөө дамжуулан Ч.Лхамдоржийг шалгуулах хүсэлт гаргана.
-Одоо та нарын авсан өмгөөлөгч сэтгэлд таарахаар ажиллаж чадаж байгаа юу. Энэ өмгөөлөгч та нартай аль үеэс нь эхлэн ажилласан бэ?
-Д.Оюунбаатар өмгөөлөгч маань анхан шатны шүүх хурал эхлэхээс хоёр хоногийн өмнөөс ажиллаж эхэлсэн. Бид өмгөөлөгчдөө итгэж байгаа, бидний төлөө сайн ажиллаж байгаа гэж бодож байна.
-Одоо нөхөр тань аль хориход ял эдэлж байгаа вэ. Та бас бие давхар юм байна шүү дээ?
-Нөхөр маань 441 дүгээр ангид ял эдэлж байна. Би одоо бие давхар, хоёр настай нялх хүүхэдтэй.
3 сэтгэгдэл
garzgyi ch gesen zam deer yabaa hymyysiig hyniih ni hybid hyndlej hyleej garch bolohgyi yu?yagaad ter hoyor hyniig mergesen yum be?Hohi chini dee!!!alibaa yum dyrem juramaas eer talryygaa bol?zaabal hariugaan abdag yum daa!!!!bidnii amidrald nerseegyi daldiin ynen hyyli yilchleh yostoi?….zailsgyi ta nariin byryy bna!bid cheehyyl ee!!bye byeen hairlah yostoi?…teneg yum byy yari!!!!yiliin yreen yzeh tabilantai yum!!!!
Ene xereg ch ectoi avsan omgoologch ni esreg taldaa ajlaad ene xvniig amidralgvi bolgoj bgaa ym bn daa. Mongoliin shuux notolgoond vndeslej yllax dvgnelt garganaa. Xarin naad prokuror, tsagdaa na ni oorsdiin duraad l xvniig shorond opuulax arga zali ixtei ym bna lee, Xvnii vgen deer sain ajillana shvv. Oorsdoo omgoologchoo sain shaxaxgvi bol barag xodlox omgoologch xovorxon doo. Mongiig ni ogood bxad l daxij mongo nemej avax geed l xergiig ni oligtoi shiidej ogoxgvi l mongo2 gex ni ter. Bolomjtoi bol mongiig ni nemeed ogoxloor davrax ni durgvi xvrmeer.
хуулинд өөрийнхөө болон гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болно гэдэг биш билүү? энэ ч …