УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийн гэргий Э.Туул хэзээнээс брэндлэг, трэндлэг бүсгүй гэдгээрээ алдартай байсан. “Оргио” тахианы үйлдвэрийг үүсгэн байгуулж байсан тэрбээр тун шүтлэгтэй нэгэн бөгөөд өнгөрсөн 2020 оны сонгуулийн дараагаар Түвд, Энэтхэгээр явж, шашны том хурлуудад даган баясаж, өглөг өгч буйгаа цахим хуудаснаа бичиж байв.
Тэгвэл өдгөө бага насны хүүхдээр хэлээ хөхүүлэхийг хүссэн гэх Далай ламыг тэрбээр өмөөрч өөрийн цахим хуудаснаа онцолжээ.
Тэрбээр “Биднийг юу ч гэж хэлсэн энэ хүн бол гэгээрсэн хүн. Бид янз бүрээр хэлсэн ч Далай лам бусдын сайн сайхны төлөө хором ч алгасахгүй явсаар улам л ихээр амар амгалан бодит үнэнг бидний мунхаглаад байгаа зүйлсийн улга учрыг тайлж үзүүлсээр явах болно. Энэ хүн бол нэг амьд амьтанд ч хор болохгүй байх билэг билгүүн нинж сэтгэлийг үүсгэсэн хүн. Саяны олон хүнд эвгүй санагдсан үйлдэл нь бидний өдөр тутам төсөөлж сурсан хүчирхийлэл огт биш ээ. Энэ бодьсатва хүмүүсийн сэтгэлийн ялгамжаатай байдал бий. Өөрийн биеийн халдашгүй гэж энхрийлэн, хүнд эвгүй харагдчихвий гэж болгоомжилж огт бодохгүй, харин энэ биеийг бусдын тусын тулд ашиглан зэмсэг гэж үзэх тус бусдад яаж харагдах гэхээс илүүтэйгээр бусдын сайн сайхны төлөө хийх гэсэн зүйлээ хийж байдаг талтай. Үүн дээр нэмээд бусдыг хором ч гэсэн баярлуулах зовлонгоос нь салгах гэсэн чин сэтгэл нь бидний нүд сэтгэлд бууж дадсан хүчирхийлэгч нартай буруу харьцуулагдлаа гэж дотроо бодон бодон сууна. Хүчирхийлэл энэ нийгэмд байж болохгүй. Хүчирхийлэлд автсан олон хүүхэд хүмүүсийн сэтгэлийн тэр шаналал төсөөлөхөд ч хэцүү. Гэтэл бид өөрсдөө яг юуг хүчирхийлэл гэх вэ гэдгийг ялган салгахгүй бол өөрсдөө хором дотор л хүчирхийлэлч болж хувирдаг. Шүүх ухаан дээр ялган салгах ухаан бас байх хэрэгтэй” гэжээ.

