Хэнтий аймгийн Батширээт суманд эм баавгайг хоёр бамбарууштай нь агнасан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус сумын харьяат иргэн Б нь энэ оны дөрөвдүгээр сарын эхээр уг хэргийг үйлдсэн байна. Улмаар Улаанбаатар хот руу оруулан бусдад худалдахаар төлөвлөжээ. Ингэхдээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж, байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Шалгалтаар иргэн Б нь хууль бусаар нас бие гүйцсэн эх баавгайг галт зэвсгээр буудаж, төрөөд нэг сар болоогүй хоёр бамбаруушийг хатуу эд зүйлээр цохиж алсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар хүрэн баавгайг эр, эмээс нь хамаарч 6.5-7.5 сая төгрөгөөр үнэлсэн байдаг.
Монгол Улсын Амьтны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 42 сая орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хүрэн баавгайн гурван ширхэг нойтон арьс, доньд зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.