Улаанбаатар хот наадмын өмнө үерт автаж хотын дарга хариуцлагаас бултаж өнгөрсөн 30 жилийн завхарал гэв. Гэвч хотын даргын ажлыг аваад гурван жил болж байгаа бөгөөд тэрбээр энэ хугацаанд 30 жилийн завхрал гэгчтэй тэмцсэн бол өнөөдөр хохирол харьцангуй бага байх байв!!!
Өнөөдрийн байдлаар S Outlets, Шунхлай ШТС, “Авлигал хороолол”-ыг нураах талаар хамгийн их яригдаж байгаа. Хамгийн эхэнд “Авлигал хороолол”-ын барилгын зөвшөөрлийг түдгэлзүүлэв. Одоо харин хотын удирдлага нь “Авлигал хороолол”-ын газрынх нь зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй байгааг онцолмоор байна.
Хэдийгээр барилга зогссон ч гэсэн газрынх нь зөвшөөрлийг цуцлаагүй байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулиараа нийслэлийн газрыг Нийслэлийн засаг дарга нь мэддэг болохоор газрынх нь зөвшөөрлийг цуцлаагүй байна. Тус газрын зөвшөөрлийг Д.Сумъяабазар олгосон байна.
Д.Сумъяабазар чухам юуны учир ийнхүү зөвшөөрөл олгосон талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад “Шүүхийн шийдвэр гарсан болохоор газрын зөвшөөрөл олгосон” гэжээ.
Тухайн шүүхийн шийдвэрийг үзэхэд үнэхээр Авлигал хороолол буюу Эм энд Жи констракшн” ХХК-ийн газрыг шүүхийн шийдвэрээр буцаан олгосон юм байна. Буцаан олгосон шүүхийн шийдвэрийг уншихад шүүгч хэргийн материалд байгаа нотлох баримтан дээр хуульд нийцүүлэн хуулийн дагуу шийдвэр гаргасан байв. Хамгийн ноцтой нь Нийслэлийн засаг даргыг төлөөлж шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орсон этгээд анхан шатны шүүхэд нотлох баримтаа гаргаж, үндэслэлээ олигтой тайлбарлаж чадаагүй. Мөн давж заалдах шатны шүүхэд хандах боломжтой байсан ч даваагүй байна.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
Барилга хот байгуулалтын сайд нь өөрөөсөө хийх ажлаа хийжээ. Харин хотын дарга нь өөрөөсөө шалтгаалах ажлаа хэзээ хийх нь тодорхойгүй байна. Энэ талаар НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсийн дарга Г.Хонгорзулаас асуухад “ид хангалттай мэдээллээд яваа. Чамаас бусад нь манай мэдээллийг олж уншаад л байна олоод үзчихгүй юу” хэмээн хариулав.
Төр нь нэг гараараа бүтээн байгуулалт гэж үзээд зөвшөөрөл олгоод, нөгөө гараараа нийслэлчүүдийн эрх ашиг гэж цуцлан шүүхдсээр 10 гаруй жилийн нүүр үзэж байна. Улмаар буруутай хайгаад олохгүй болохоороо шүүхийг буруутгав. Гэтэл шүүх нь хуульд заасан хүрээнд ажилласан болж таарлаа.
Ерөнхий сайдаа шүүхийг буруутгаад байсан жинхэнэ “буруутнууд” дэргэд чинь байж. Тэд ажлаа өнгөрсөн хугацаанд олигтой хийсэнгүй. Хийж чаддагаар нь солих цаг болсон юм биш үү.
А.Баярмаа