Археологич Д.Эрдэнэбаатар, эхнэрийнх нь дагавар хүү, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлллээ.
Тэднийг урьдчилан үгсэн тохиролцож Нийтийн тооллын өмнөх VII-III зуунд хамаарах чулуун сүх, хаш эдлэл, эртний Ромын үе буюу Нийтийн тооллын IV зуунд хамаарах ногоон болон хөн өнгийн шилэн гүц зэрэг археологийн олдвор болох соёлын биет өвийг худалдахаар завдсан гэх хэрэгт буруутгасан бөгөөд НПГ-аас Д.Эрдэнэбаатар, М.Адъяням нарт Эрүүгийн хуулийн 25.5-1-т заасан “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Дээр дурдсан нэн ховор олдворуудыг гадаадын иргэнд хагас тэрбум гаруй төгрөгөөр худалдах гэж байсан хүмүүсийг ЭЦА-ны ажилтнууд 2021 оны гуравдугаар сард үйлдэл дээр нь дайчлан баривчилсан юм. Тухайн үед Б.Хаш-Эрдэнэ, М.Адъяаням, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэсэн дөрвөн залуу Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон өгч, авалцах гэж байсан юм. Уг олдворын эзэн нь “Адам” гэх хочтой, хошин урлагийн “Эмоци” продакшны менежерээр ажилладаг М.Адъяаням байсан.
Түүнд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар уг олдворыг өгсөн бөгөөд “Амьдралд чинь хэрэгтэй бол зарж борлуулна биз хэмээн надад бэлэглэсэн” хэмээн мэдүүлсэн гэдэг. Түүгээр ч зогсохгүй Д.Эрдэнэбаатар хүүдээ Монгол Улсаас малтан шинжилсэн археологийн олдвор гэдгийг тайлбарласан батламж хийж өгсөн нь шалгалтаар тогтоогдсон юм билээ.

