Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлсэн байсан ч яллагдагч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу буцаан татсан талаар өмнө нь бид мэдээлж байв.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагт товолсон.
Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохоор ирэхдээ “Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагаас намайг олон удаа дуудсан. Дуудсан хугацаа бүрт нь хэлсэн цагт нь очиж байсан. Надад холбогдуулсан энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсч байна. Одоо ч итгэлтэй байгаа. Гадаад томилолтоо ч цуцалж байсан. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг аль болох шуурхай үнэн учрыг нь тунгааж өгөөсэй гэдэг байдлаар асуудалд хандаад явж байна. Энэ ч утгаараа надад нууж хаагаад байх юм байхгүй. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой гэж үзэж байгаа. Учир нь гүтгэлгийн чанартай, худлаа мэдээллүүд яваад байна. Тиймээс яг ямар асуудал болоод байгааг олон нийт нүдээрээ харах хэрэгтэй. Өнөөдрийн хуралдааныг ч нээлттэй явуулах талаар холбогдох хүсэлт тавина” гэв.





