Жүжигчин, продюсер, кино найруулагч Б.Амарсайхан “Монгол” нэртэй түүхэн драма жанрын уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгосон.
Уг киноны гол дүр Сэрчмаагийн Солонго-Уянга бүтээж олны анхаарлыг өөрийн монгол дүр төрхөөр татсан. Өдгөө 24 настай тэр бүсгүй Азийн супер модель бөгөөд 2021 онд Москвагийн их сургуулийг санхүүгийн менежмент мэргэжлээр төгссөн гэнэ.
Тэрбээр “Монгол” киноны Сэрчмаагийн дүрд тоглосон тухайгаа, “Өмнө нь киноны санал авч байгаагүй. Эл киноны саналыг авах үед баярласан ч юм уу, эсвэл айсан ч юм уу, ямар нэг мэдрэмж ерөөсөө төрөөгүй. Харин натурт гарах өглөө нь гэнэт ухаан орсон юм шиг “Би нээрэн кинонд явах гэж байгаа юм байна” гэж бодоод, олон мэдрэмж зэрэгцэж төрсөн. Тэр дундаас айдас нь илүү ч гэх юм уу. “Одоо би явах гэж байгаа юм байна шүү дээ. Юу хийчихэв ээ” гэж бодох шиг. Тийм мэдрэмж илүү зонхилж байсан. Харин нээлтийн өдөр киногоо үзэж гарч ирээд, кино группийнхэнтэйгээ уулзахад үнэхээр гоё байсан. Олон сар, хоног уулзаагүй хүмүүстэйгээ дахин уулзахад яг л зураг авалтын үе шигээ хайр дүүрэн мэдрэмжийг авсан. “Би нээрэн ямар том зүйлийн нэгээхэн хэсэг болоо вэ. Ямар мундаг хүмүүстэй хамтран ажилласан юм бэ. Ингээд бид киногоо нээчихлээ” гэсэн бахархах мэдрэмж төрсөн” гэсэн байдаг.