Цагдаагийн алба хүнд хүчир, дарга нарын дарамт шахалт их байдаг. Гэсэн ч цагдаагийн алба хаагчид ажилдаа эзэн болж төр, түмэндээ үнэнчээр зүтгэдэг. Харин тэдний хичээл зүтгэлийг цөөн алба хаагч үнэгүйдүүлж, цагдаагийн албаны нэр хүндийг унагаж байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дэд дарга Очирбат гэгч өнгөрсөн бямба гарагт /2023.09.16/ буюу амралтын өдөр алба хаагчдыг лагерт дуудан ирүүлж, архидан согтуурсан байна. Улмаар хэд хэдэн алба хаагчид гар хүрч, “Чи надад таалагдахгүй байна” гэж ямар ч шалтгаангүйгээр нэг алба хаагчийг зодсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Зургийн тайлбар: БГД-ийн цагдаагийн II хэлтсийн дэд дарга асан О.Очирбат
Уг хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас албаны шалгалт хийсэн бөгөөд албаны шалгалтын хариу гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Дэд дарга, цагдаагийн ахмад О.Очирбат нарын гаргасан сахилгын зөрчилд албаны шалгалт хийж,
О.Очирбатад Цагдаагийн албаны тухай хуулийн 84 дүгээр зүйл, Алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан албан тушаал бууруулах,
алба хаагч “Ш”-д мөн хуульд зааснаар сарын үндсэн цалин 20 хүртэл хувь бууруулах сахилгын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэсэн байна. Улмаар алба хаагчдад зан харилцаа, сахилга, ёс зүйн чиглэлээр соён гэгээрүүлэх сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албаны удирдлагад даалгасан байна.
Тэгвэл уг хэргийг албаны шалгалтаас гадна Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм. Уг хэрэгт Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагч “Ш”-ийг хохирогчоор тогтоосон бөгөөд Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт хандаад байгаа аж.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.
1 сэтгэгдэл
юун сүртэй мэдээ болгодог юм бэ дэ,