Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Б.Ганхуягт 11 жил, Т.Аюурсайханд гурван жил зургаан сар хорих ял оноох саналыг шүүх багасгалаа
Папарацци

Б.Ганхуягт 11 жил, Т.Аюурсайханд гурван жил зургаан сар хорих ял оноох саналыг шүүх багасгалаа

Эрхэм админBy Эрхэм админ02/02/2024Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

– Түүнээс хахуулиар бий болсон 4.9 тэрбум гаруй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөн хэмжээний төгрөгийг гаргуулна –

“Нүүрсний” гэх тодотголтой, хамгийн их олны анхаарал татаж байсан хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгдүгээр сарын 15-31-ний хооронд ажлын өдрүүдэд хаалттай хэлэлцэж, уржигдар 19.00 цаг өнгөрч байхад шийтгэх тогтоолоо танилцууллаа. Тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шүүхийн хэлэлцүүлгийг явуулж дуусгаад зөвлөлдөн уржигдар үдээс өмнө шүүгдэгч 11 хүнийг гэм буруутайд тооцсон тогтоол гаргасан юм. Үргэлжлүүлээд ял оноох хурлыг нь хийснээр шийдвэрээ танилцуулсан. Ингэхдээ УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг тэргүүтэй хэд хэдэн хүнд “Зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгов. Бас Б.Отгонжаргалын 30 000 ам.доллароо тайлбарлаж чадаагүй үйлдлийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэлээ. Түүгээр ч зогсохгүй Б.Ганхуягийн “Чингис хаан” банканд мөнгө угаасан гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Уг нь ял шийтгэл оноох шүүх хурлын үеэр улсын яллагчаар оролцсон НПГ-ын хяналтын прокурор Ц.Шагдар, Д.Даваадорж нар Б.Ганхуягт 11 жил, Т.Аюурсайханд гурван жил зургаан сар, Б.Отгонжаргалд дөрөв, И.Даваадоржид гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэх саналаа илэрхийлсэн юм билээ. Гэвч шүүх зарим үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосноор хорих ялыг нь бууруулсан юм. Үүнийг олон нийт “хэт хөнгөн ял оноолоо” хэмээн шүүмжилж буй. Ташрамд дурдахад, Эрүүгийн хуульд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд нэмэлт, өөрчлөлт оруулж авлигын хэргүүдэд оноох ял шийтгэлийг чангаруулсан ч “Нүүрсний” гэх хэргийн яллагдагч нарын үйлдэл энэ хуулийн өөрчлөлтөөс өмнө гарсан учраас шүүх урьд нь мөрдөж байсан зүйл заалтыг үндэслэл болгож ял шийтгэл оноосон гэдгийг онцолъё.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Аюурсайханыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид гурван жил хорих ял шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хассан. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн 1.8 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгүүдийг хурааж улсын орлого болгохоор шийдсэн юм. Улмаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хорихоор болсноор уржигдар 22.10 цагийн үед хорих ял шийтгүүлсэн Б.Отгонжаргал, И.Даваадорж, Б.Ганхуяг нарын хамтаар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хүргэж, цагдан хорьсон юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авсан гэмт хэргийн зохион байгуулж оролцсон гэм буруутайд тооцож, үйлдэл тус бүрт нь оноосон хорих ялуудыг нэмж нэгтгэн биеэр эдлэх ялын таван жил есөн сарын хугацаагаар хорихоор тогтоож, нийтийн албанд ажиллах эрхийг долоон жил хасав. Мөн 9.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг хурааж улсын орлого болгохоор боллоо. Тодруулбал, хахууль авах гэмт хэргийн улмаас бий болсон 4.9 тэрбум гаруй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөн хэмжээний төгрөгийг гаргуулах тогтоол батлав. Тус компанийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор асан Б.Отгонжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, хоёр жил зургаан сар хорихоор болсон байна. Бас 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял оноов.

Т.Аюурсайханы шадар туслах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдож байсан И.Даваадоржийг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил хорихоор болж, 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэлээ.

“Лаки лайф” ХХК-ийн захирал Г.Гантөмөрийг хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Түүнчлэн “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигийг хахууль өгсөн гэм буруутайд тооцон нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 14 сая төгрөгөөр торгосон юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр,  “МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж нарыг мөнгө угаасан, хахууль авахад Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүстэй хамтран оролцсон гэм буруутайд тооцоод зорчих эрхийг зургаан сар, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, 10 сая 950 мянган төгрөгөөр торголоо.

Б.Ганхуягийн эхнэр П.Бадамхандыг гэрчээр зориуд худал мэдүүлэг өгөх зорилгоор ятгасан гэм буруутайд тооцож нэг сая төгрөгөөр торгосон юм. Уг нь прокуророос түүнд 5.4 сая төгрөгөөр торгох ял оноох санал гаргасан аж.

Говийн IX ноён хутагт О.Данзанлувсантүдэвийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутай гэж дүгнэн 450 мянган төгрөгөөр торгоод түүнийг төлөхөөс чөлөөлөв. Мөн Т.Аюурсайхан дүү Т.Түвшинбаатарыг мөн худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцож, 450 мянган төгрөгөөр торгосон ч хариуцлагаас чөлөөлсөн юм. Хэрэгт битүүмжилсэн болон хязгаарласан хөрөнгүүдийг хохирол, төлбөрт тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр боллоо. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч 11 хүн хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ зарим өмгөөлөгч тодотгосон.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.