Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг “Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд оршин суух иргэн Б гэх 47 настай эрэгтэйтэй хамт амьдарч байсан иргэн Ц нь нэгдүгээр сарын 18-аас хойш сураггүй алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 21-нд бүртгэгдсэн. Тус үеэс хойш цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Иргэн Б-гийн гэр болон тээврийн хэрэгслээс сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис илэрсэн байж болзошгүй. Иргэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2-т зааснаар хоёдугаар сарын 23-нд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цагдан хорьсон.
Тус хэрэгт холбогдуулан иргэн Ц-г сураггүй алга болсон үйлдэлд ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын тушаалаар Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Хар тамхитай тэмцэх газар зэрэг нэгжээс бүрдсэн ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн Ц-тэй хамтран амьдарч байсан Б нь олон тооны нохой тэжээдэг байсан нөхцөл байдал тогтоогдсон. Олон нийтийн сүлжээнд тус хэргийг “Мансуурсан иргэн найз охиноо хөнөөж, цогцсыг нь нохойд өгчээ. Цогцсоор нохойгоо хооллосон” гэх иргэдийг айдаст автуулсан мэдээлэлийг одоогоор батлах боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй, шуурхай үргэлжилж байгаа. Хэвлэл мэдээллийнхэн осол, гэмтэл, гэмт хэргийн талаар мэдээллэхдээ хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг харгалзах, мэдрэмжтэй хандах, эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягтлах шаардлагатай” гэв.