Болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргийг бид олон нийтэд дэлгэрэнгүй хүргэдэг. Энэ удаад бид 2019 онд Тод Каннам эмнэлэгт өөх соруулах хагалгаанд ороод өөд болсон бүсгүйн хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар хүргэхээр бэлтгэлээ.
“Тод каннам” гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Уг хагалгааны төлбөр нь 3.5 сая төгрөгийн үнэтэй бөгөөд Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус эмнэлгийн захирал Д.Тодням, эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2020 онд шүүхэд шилжүүлсэн.
Тэднийг Эрүүгийн хуулийн 10.6.1, 15.3.1-д зааснаар буруутгасан. Уг заалт нь
“10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох
1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
15.3 дугаар зүйл.Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах
1.Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний цусыг, эсийг авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Өөх соруулах хагалгаанд орсон бүсгүйн өөд болсон шалтгааныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр “Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлийн өмнөд, доод, хоёр хажуу, цээжний хоёр хажуу, нуруу, гуяны хоёр хажуугийн биеийн гадаргуугийн 30-%-г хамарсан арьс, зөөлөн эд, доорх, булчингийн цус хуралт, хоёр ташаа, хоёр цавь, хоёр гуяны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь өөх соруулах мэс заслын хагалгаанаас үүссэн байх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Дээрхи гэмтлийн улмаас Гэмтлийн зэрэг тогтоох журмын ..-т зааснаар амь тэнссэн байдал, 3.3.1-т зааснаар шокын хүнд хэлбэр /III-IV/, 3.3.-т зааснаар янз бүрийн шалтгаант ком/II-III/, 3.3.9-т зааснаар захын цусны эргэлтийн улмаас тархи, уушгины судасны хий өөхөн ба эдийн бөглөөдөс үүссэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй, цуснаас сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болон мансууруулах бодис илрээгүй болно. Талийгаач Г.д “” гоо сайхны эмнэлэгт хагалгаа хийсэн эмч нарын буруутай эсэхийг шинжээч эмч тогтоохгүй.
Талийгаач нь хэвлийн өмнөд, доод, хоёр хажуу, цээжний хоёр хажуу, нуруу, гуяны хоёр хажуугийн өөх соруулах мэс заслын улмаас тархины хатуу хальсны хөндийнүүдийн бүлэнт бөглөөдөс үүсэж тархины кома-д орж нас баржээ…” хэмээн тогтоосон.
Хамгийн ноцтой нь өөх соруулах хагалгааг хийсэн эмч нь мэргэшсэн эмч байгаагүй гэдэг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Б.Байгалмаагийн гаргасан 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр батлагддаг. Тодруулбал, дүгнэлтэд “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл дээр бичигдсэн нь Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар /9011013, РД-/ тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаар нь ЭХ-13//67, 0 оны 11 дүгээр сарын 01-нд ХХК-ний захирлаар ******* ******* томилогдсон, үйл ажиллагааны чиглэл нь “Гоо сайхны нөхөн сэргээх мэс засал”, үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэр нь Баянзүрх дүүрэг -р хороо, хоршооллын хотхон /13361/ Б.ийн гудамж 1/ байр, 1 давхарт 2019 оны 1 дугаар сарын 7-ны өдөр хүртэл явуулах хүчинтэй хугацаа бүхий тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгосон байна. Энэ тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд “Гоо сайхны нөхөн сэргээх мэс засал”-ын тусламж үйлчилгээ үзүүлэхээр заасан байна. Энэ дээд, доод зовхи татах мэс засал, хацарт хонхор үүсгэх мэс засал, хөх томруулах, чихний дэлбээний хэлбэр засах, үс шилжүүлэн суулгах, шанаа яс багасгах, эрүүний буланг нарийсгах, ооч засах, нүүр өргөх, ортогнатик, эрүүний салаагаар тайрах мэс засал, хамар өндөрлөх, өөх шилжүүлэн суулгах, өөх соруулах мэс засал зэрэг хийгдэх эмчилгээ үйлчилгээний нэр төрлийг эмнэлгийн даргаар баталгаажуулж баталсан байна. “Тод Каннам” эмнэлэг нь “Гоо сайхны нөхөн сэргээх мэс засал” чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. Монгол Улсын Эрүүл мэндийг хамгаалах технологи Эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавигдах шаардлага МNS 5604:006 стандартад зааснаар өөх соруулах мэс ажилбарыг аппаратын тусламжтайгаар арьс гоо заслын эмч хийнэ гэж заасан байгаа. Арьс болон эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ болох арьсны өвчний үзлэг, оношилгоо, сэвх нөсөө, үү ургацаг, ботокс, РRР эмчилгээ, өөх соруулах, ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээ зэргийг хийх зөвшөөрөлгүй.
Клеиний уусмал нь нийлмэл найрлагатай эмийн бэлдмэл ба найрлагад орсон эмүүдийн харилцан нөлөөлөл, хэрэглэх тун, шинжилгээний аргачлал, үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл нь Монгол улсад батлагдаагүй. Энэ клеинийн холимог уусмалыг хэрхэн найруулж, хэдэн мл-р хийгдсэн нь мэс заслын тэмдэглэл дээр бичигдээгүй байна. …
Эмч нь хүний их эмч, ерөнхий болон бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн үнэмлэхтэй. БНСУ-д -3 сар дамжаанд суралцаж гэрчилгээ авсан байгааг мэргэшсэн гэж үзэхгүй. Гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын мэргэшээгүй эмч байна.
Мэс заслын эмч нь Эрүүл мэндийн сайдын 013 оны 11 сарын 450 тоот тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-1Б эмчийн үзлэгийн бүртгэл байхгүй, 019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хийгдсэн шинжилгээнүүдийн цаг, минут бичигдээгүй, биохимийн шинжилгээн дээр АСАТ-399.4, АЛАТ-393., Амилаза-39.0 үзүүлэлтүүд байх хэмжээнээсээ ихэссэн. Цусны дэлгэрэнгүй шинжилгээн дээр цагаан эсийн тоо 6.7*10 ихэссэн, тробоцитын тунах хурд-198 буурсан зэрэг өөрчлөлттэй. Зүрх зогссоны дараа үеийн шинжилгээ байх магадлалтай. Ийм шинжилгээтэй өөх соруулах хагалгаанд орохгүй.
Мэдээгүйжүүлэгийн их эмч нь Эрүүл мэндийн сайдын 013 оны 11 сарын 450 тоот тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1 хавсралт 5А мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц, сэрээх үеийн хяналтын хуудас дээр: Төлөвлөж хийгдэх хагалгаа: хэвлий нуруу, гуяны өөх соруулах төлөвлөгөөт хагалгаа гэж төлөвлөсөн мөртлөө мэдээгүйжүүлэлтийн түвшин Т1 /хүйс умдаг хоёрын хооронд/ хийгдсэн байгаа нь мэдээгүйжүүлэлтийн түвшинөө зөв сонгож хийгдээгүй тул өвдөлт мэдрэгдээд нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүйгээс ерөнхий унтуулгын дор өөх соруулах мэс засал хийгдсэн байна. Зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээний удирдамж, орчны мэдээгүйжүүлгийн удирдамжийг баримтлаагүй, Эрүүл мэндийн технологи цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг МNS 606:010 стандартын 8.3, 8.4 дэх хэсгийг зөрчсөн байна” гэжээ.
2019 онд гарсан уг хэргийг 2020 онд шүүхэд шилжүүлсэн. Улмаар энэ жил л эцэслэн шийдэгдэж байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргиийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024-02-02-ны өдөр хэлэлцээд эмнэлгийн захирлыг цагаатгаж, мэс заслын болон мэдээгүйжүүлэгч эмчид тус бүр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, эмчлэх эрхийг тус тус 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байна. Улмаар эмч нарт оноосон 3 жил 6 сарын ялын хоёр жилийг нь өршөөлд хамруулсан. Мөн бага насны хүүхэдтэй гэх үндэслэлээр нэг эмчид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хойшлуулжээ.
Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гэм буруутайд тооцогдсон эмч нарын болон цагаадсан этгээд болох эмнэлгийн захирал нарын өмгөөлөгч Э.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баасанжав нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024-03-28-ны өдөр хэлэлцсэн. Шүүх гомдлыг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүх эмнэлгийн захирлыг цагаатгасныг, мэс заслын болон мэдээгүйжүүлэлтийн эмч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хууль ёсны үндэслэлтэй байна гэж дүгнэв. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой өөрчлөлт оруулан Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг олгож, хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Улсын дээд шүүх хэргийг 2024.07.03-ны өдөр хэлэлцээд эмч нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 393 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “… иргэний хариуцагч “Т-” ХХК-аас 168.910.143 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-д олгосугай” гэснийг хүчингүй болгож, “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч нар болон иргэний хариуцагч нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэсэн хэсгийг нэмж шийдвэрлэсэн.
Ингэснээр таван жилийн өмнө өөх соруулах мэс засалд ороод өөд болсон бүсгүйн үхлийн хэрэг эцэслэн шийдэгдэж байгаа юм.
Гоо сайхны олон эмнэлэг бий болж олон төрлийн үйлчилгээ гарсан энэ цаг үед олон нийт яг тухайлсан үйлчилгээний стандарт Монгол улсад байдаг эсэх, ямар эрсдэл учирч болох, эмч нь мэргэшсэн эсэх, хэрэглэж буй эм тариа нь Монгол улсын эмийн жагсаалтад байдаг зэргийг сайтар судлах шаардлагатайг үүгээр сэрэмжлүүлж байна.
Бэлтгэсэн А.Баярмаа