Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын тэргүүн дэд болон дэд дарга нарыг Шадар сайд Сайнбуянгийн Амарсайханы тушаалаар чөлөөлж, орных нь хүмүүсийг томилсон нь энэ байгууллагын алба хаагчдынх нь нэлээд хэсгийн дургүйцлийг төрүүлж байна. Сайд дарга нар хууль бус томилгоог хар баасан гарагт хийдэг, хууль сахиулагчид хар баасан гарагт хүн баривчилдаг гэх мартагдах шахсан “уламжлал”-ыг С.Амарсайхан ийнхүү хэрэгжүүлэв.
Тус газрын тэргүүн дэд бөгөөд Штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнг чөлөөлж түүний оронд дэд даргаар ажиллаж байсан Ц.Ганзоригийг томилов. Ж.Чүлтэмсүрэнгийн эхнэр, хүүхэд нь Монгол Улсаас гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах болсонтой холбоотойгоор өөрөө ч консул, төлөөлөгчийн албан тушаалд очиж магадгүй гэсэн яриа есдүгээр сараас хойш онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дунд яригдах болсон. Ж.Чүлтэмсүрэнг чөлөөлөх шийдвэрийг нэлээд олон алба хаагч баяртай хүлээн авч буй юм билээ. Харин түүний оронд томилогдсон Ц.Ганзоригийг өмнөхөөсөө дор хүн тавьж байгаад эгдүүцэж байгаа аж. Учир нь дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабыг Ж.Чүлтэмсүрэн хариуцаж байхдаа эрх мэдлээ ашиглаж, Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь алтны уурхайнханд хязгаарлалтын бүсээс гарах, нэвтрэх зөвшөөрөл олгосон, хөл хорионы үед өөрсдөө, гэр бүлийн хамтаар Өмнөговь аймаг дахь Дэмчогийн хийд рүү зугаалсан нь тодорхой болсон байдаг. Тиймээс Ж.Чүлтэмсүрэнг УОК-ын Шуурхай штабын даргын албан тушаалаас чөлөөлж оронд нь Ц.Ганзоригийг томилж үзсэн.
Энэ хооронд мань эр ажлаа таслан 10 гаруй хоног алга болсон учраас чөлөөлж тухайн үед хурандаа цолтой байсан, өнөөгийн бригадын генерал Б.Ууганбаярыг арга буюу дахин томилж байсан түүхтэй.
Тэргүүн дэд даргаар томилогдсон Ц.Ганзоригийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дунд олон бий. Нэгдүгээрт тэрбээр цэргийн сургууль төгсөөгүй, хувийн сургуулийг химич мэргэжлээр төгсөөд ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнд ажиллаж байсан нэгэн. Гадаадад сургуульд яваад эргэж ирэхэд нь тус хүрээлэнгийнхэн буцааж ажилд аваагүй гэдэг. Энэ нь магадгүй ямар нэг учир шалтгаан байснаас болсон биз. Тиймээс нэг хэсэг “лааз өшиглөж” яваад 2011 онд онцгой байдлын байгууллагад ажилд орсон аж. Ингээд Цэргийн албаны болон Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн баталсан Цэргийн цол олгох журмыг зөрчин богино хугацааны дотор, тэр дундаа ахмадаас хурандаа хүртэлх цолыг ганцхан жилийн дотор хүртсэн юм билээ. Уг нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 45.2-т “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна” гэж хуульчилсан. Тэгэхээр Онцгой байдлын байгууллагад мерит зарчим, өсөн дэвжих итгэл үнэмшил зэргийг нь харгалзан албан тушаалд томилохдоо Цэргийн албаны тухай хуульд заасныг баримтлах ёстой гэсэн үг. Цэргийн албаны тухай хуулийн 26.7-д “Офицер, ахлагчид цэргийн цолыг анхны цолноос эхлэн дэс дараалан олгоно” хэмээн хуульчилж, цагаан дээр хараар бичсэн байгаа. Гэтэл ганцхан жилийн дотор хошууч, дэд хурандаа, хурандаа болно гэдэг бол хууль зөрчсөн гэсэн үг. Цэргийн албаны тухай хуулиа онцгой байдлын байгууллага мөрдөж ажилладаг бол тэргүүн дэд дарга болчихоод буй Ц.Ганзориг өдийд хошууч, сайндаа л дэд хурандаа цолтой л байх ёстой юм. Гал, усны гашуун зовлонтой тэмцэж, хүмүүсийн, байгууллага, аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг хамгаалах гэж насаараа зүтгээд дэд хурандаа битгий хэл, хошуу ч цол хүртэж чадаагүй алба хаагч цөөнгүй.
Ц.Ганзоригийн хувьд сахилга, хариуцлага алдаж байсан нь ч бий. Түргэн цугларах дохиогоор ажилдаа ирээгүй, шалтгаангүй олон хоногоор ажил тасалж, сахилгын шийтгэл хүлээж байсныг мэдэх хүн ОБЕГ-т олон байдаг. Ийнхүү нэгхэн жилийн дотор хурандаа цол хүртэхэд нөлөөлсөн хүн нь садан төрлийн холбоотой, Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Г.Сайханбаярыг гэх нь ч бий. Бас ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Бадрал генералтай ч холбож ярьдаг нь ч байдаг.
Тэргүүн дэд даргаар ийм хүнийг томилсон бол дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Д.Намсрай нарыг чөлөөлөв.
Бригадын генерал Б.Ууганбаярын хувьд цар тахлын хөл хорионы үед хэрхэн ажиллаж байсныг мэдэх хүн олон. УОК-ын Шуурхай штабын өрөөндөө эвхдэг ор тавиад хонон өнжин ажиллаж, цар тахлын хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэх, түүний тархалтыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байсныг өнөөдөр шийдвэр гаргагчид мартсан бололтой. Бригадын генерал Д.Намсрайн хувьд мөн л онцгой байдал, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөө үхэхээс бусдыг үзэж явсан нэгэн.
Тодруулбал, 2001 онд Увс аймгийн Малчин сумд “Ми-8” нисдэг тэрэг сүйрч, Монгол орны зудын нөхцөл байдалтай танилцахаар ирсэн НҮБ-ын ажилтнууд, Японы мэргэжилтнүүдийн хамт уг нисдэг тэрэгт явж байгаад золоор амьд гарсныг олон хүн мэднэ.
Бригадын генерал Б.Ууганбаярын оронд ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэгийг томилжээ. ОБЕГ-ын харьяа 113 дугаар анги буюу Богд хан уулын Жаргалантын ам дахь “Онцгой Жаргалант” сувилал, сэргээн засах төвийн даргаар ажиллаж байгаад Урьдчилан сэргийлэх газрын даргын албан тушаалд томилогдоод төдийлөн удаагүй түүнийг Монгол Улсын хоёр дахь эмэгтэй генерал болох гэж буй гэдгийг алба хаагчид нь ч ярьж байна. Нийслэлийн Засаг даргын зам тээврийн асуудал хариуцсан орлогч, Замын-Үүд, Улаанбаатар хотын гаалийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Отгонсүхийн эхнэр тэрбээр ийнхүү ОБЕГ-ын дэд дарга хэмээх бригадын генерал цолны ранктай ажилд томилогдож байна. Шадар сайд С.Амарсайханыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхад нь орлогч нь байсан Б.Отгонсүхийнхээ эхнэрийг өндөр албан тушаалд томилох тохироог Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн гэлцэж байгаа юм билээ.
Бригадын генерал Д.Намсрайн оронд ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөрийг томилсон гэнэ.
Ерөнхийлөгчийн зөвлөх, МУИС-ийн ректор асан Я.Төмөрбаатарын төрсөн дүү тэрбээр мөн л Цэргийн албаны тухай хууль, Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн баталсан цэргийн цол олгох журмыг зөрчин ийнхүү томилогдож байгаа юм билээ.
Шадар сайд С.Амарсайхан эдгээр томилгоог Ерөнхийлөгчтэй зөвшилцөж хийсэн гэх агаад ийнхүү генералуудыг чөлөөлөх үндэслэлээ сахилга хариуцлага алдаж, алба хаагчдын амь үрэгдсэнтэй холбож буй гэсэн мэдээлэл бий. Ах Сайнбуянгийн Отгонбаяр нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд байхдаа буруу шийдвэр гаргасны уршгаар 2007 онд олон аврагч гал түймэр унтраах гэж яваад “Ми-8” нисдэг тэрэгтэй осолдож, 15 хүн амиа алдаж байсан ч хэн ч хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн.
Тэгвэл С.Амарсайханыг Шадар сайдаар ажиллаж байхад эрхлэх асуудлынх нь хүрээнд багтдаг онцгой байдлын байгууллагын алба хаагчид нийслэл Улаанбаатар хотод гарсан нэг бус гал түймэр унтраах гэж яваад цаг бусаар амиа алдчихаад байхад өөрөө хариуцлага хүлээгээгүй. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд нь ч хариуцлага тооцолгүй, дэд дарга нараар нь “туг тахиж” байгаа нь шударга явдал гэж үү. Цэргийн алба хаагчдынхаа ял, гавьяаг үүрч чадахгүй ОБЕГ-ын даргад л нэн түрүүнд хариуцлага тооцох учиртай сан.
Онцгой байдлын байгууллагад гадаадад иргэний хамгаалалт, гал түймэр унтраах мэргэжлээр сургууль төгссөн мэргэшсэн алба хаагчид цөөнгүй атал өөр мэргэжлийн хүмүүсийг ажилд авч, удирдах албан тушаалд томилдог нь төрийн албаны мерит зарчим алдагдаж, мэргэжлийн хүмүүсийн албандаа итгэх итгэлийг бууруулсаар байгаад Шадар сайд С.Амарсайхан та ухаарахгүй байна гэж үү.