БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” компанийг үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч Сүн Гуан Чен болон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Энхжаргал нарт холбогдох хэргийг хятад иргэний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн Дээд шүүх хяналаа. Улмаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. Ингэснээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн өнгөрсөн аравдугаар сарын 16-ны 1155 дугаартай магадлал хүчин төгөлдөр болж, тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин шийдвэрлэхээр болж байна. “Шинжиан шинфа” ХХК-ийн 2017-2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд татварын байгууллагаас хяналт шалгалт хийхэд 3.8 тэрбум төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулж, тайландаа тусгаагүй нь тодорхой болсон байдаг. Гэвч тус компанийг үүсгэн байгуулагч Сүн Гуан Чен хяналт шалгалт явуулсан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Энхжаргалд 400 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларын хахууль өгч, зөрчлийн дүнг 119 сая болгон бууруулсан акт тогтоолгосон хэрэгт холбогдсон юм. Уг хэргийг өнгөрсөн долоодугаар сарын 2-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Сүн Гуан Ченд 14 сая төгрөгөөр торгох ял оноосон бол татварын байцаагчийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хорихоор шийтгэх тогтоол гаргасан. Уг тогтоол хуульд нийцээгүй, хахууль өгөгчид оноосон ял хөнгөдсөн гэж үзэн давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэсэн билээ. Уг хэргийн талаар шүүгдэгчид болон хэргийн оролцогчид хэрхэн мэдүүлж байсан талаар болон хэргийн талаар дэлгэрүүлэн хүргэж байна.
Хахууль өгсөн “Шинжиан шинфа” компанийг үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч Сүн Гуан Чен гэгч хэн бэ?
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1960 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжиан муж Цанжи хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ш Ш” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 943 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.
Хахууль авсан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Энхжаргал гэж хэн бэ?
1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгэл эдэлж байгаагүй.
Тэд ямар хэрэгт холбогдов?
“Шинжиан Шинфа” ХХК-нд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх 3421601623 тоот томилолтын дагуу 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн Татварын улсын байцаагч Ж.Энхжаргал, Д.Б нарт хяналт шалгалт хийхэд нь Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн “Шинжиан Шинфа” ХХК-ийн 3,930,317,798.28 төгрөгийн буюу их хэмжээний татвар ногдох орлогын нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор, татварын тайланд тайлагнаагүй “Шинжиан Шинфа” ХХК-ийн зөрчлийн дүнг 119,538,660 төгрөг болгон бууруулж, акт тогтоолгон, давуу байдал бий болгох, “Шинжиан Шинфа” ХХК-ийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Геологийн төв лабораторийн авто зогсоол дээр Д.О-ээр дамжуулж, Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагч Ж.Эд 140,150 ам.доллар буюу 400,000,000 төгрөгийн их хэмжээний хахууль өгч, авсан гэмт хэрэгт тэд холбогдсон юм.
Татварын байцаагч хорих ялаа торгох ялаар сольж өгөхийг хүсэв
Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ” …Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар анхнаасаа маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, учруулсан хохирлоо төлж барагдуулах талаар санаачлага гаргаж, хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан. Миний хувьд бөөрний архаг дутмагшилийн 2 дугаар үеэс хүндрэл өгч, өвчлөл 3 дугаар үерүү орсон байх магадлалтай байгаа бөгөөд цагдан хоригдсон өдрийн маргаашнаас эхлэн хамт оношлогдсон цусны өвчний шинж тэмдэг, удамшсан чихрийн шижин өвчний хүндрэл зэрэг хавсарсан өвчний улмаас хорих байгууллагын эмнэлэгт хэвтсэн ба даралт байнгын ихсэж, бүтэн бие хавагнасан байдалтай байна. Би өөрийн буруугаа чин шударгаар хүлээж байгаа бөгөөд миний оношлогдож хяналтад байгаа бөөрний дутмагшил байнга хүндэрч зэрэг нь нэмэгдэж байгаа нь амь насанд минь аюул учруулах хэмжээнд хүрснийг эрхэм шүүгч та бүхэн харгалзан үзэхийг хүсье. Миний ар гэрийн хувьд бага насны 2 хүүхэдтэй, өндөр настай эхийн хамт амьдардаг. Эх маань хорт хавдрын улмаас 2 удаа маш хүнд хагалгаанд орсон. Би өөрийн үйлдэл, түүнд халдаасан зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, өөрийн гэм буруугаа хүлээж байна. Өмгөөлөгч болон миний зүгээс хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргасан өвчний түүх, цагдан хорих ангид очсон өдрөөс хойш эмнэлэгт эмчлүүлсэн онош, дагалдах шинжилгээ зэргээс миний өвчний онош нь 2019 оны Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын А/152, А/366 дугаартай хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт” 2 дахь заалтын 2.1.15.5 дахь хэсэгт заасан “Бөөрний архаг дутмагшлын 2-3” дугаар үед хамрагдаж байгааг анхан шатны шүүх дүгнээгүй байгаад анхаарлаа хандуулж, миний амь насыг эрсдэлээс аварч өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Та бүхэн надад нэг удаа боломж өгвөл цаашид хууль зөрчсөн аливаа үйлдэл хийхгүй, зөв шударга замналаар амьдрахаа илэрхийлж байна. Иймд миний амьд явах эрхийг болон гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, торгуулийн ял оногдуулахад төлж барагдуулахад зарцуулах өөрийн өмчлөлийн эд хөрөнгөтэй талаарх болон Австрали улсад амьдарч байгаа өөрийн төрсөн эгчийн зүгээс надад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн тодорхойлолт, харилцах дансны хуулга зэрэг нотлох баримт, нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолоор надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгч, надад өвчнөө эмчлүүлж, хэдэн өдөр 2 хүүхэддээ амьд байж, хамт амьдрах боломж олгож, миний амь насыг аварч өгнө үү хэмээн гуйж байна. Учир нь тус ангид хоригдсоноос хойш миний өвчин илтэд хүндэрч биеэр цусан толбууд туурч, даралт 150-иас буухгүй байгаа нь миний амь нас эрсдэх аюулд ороод байгаа бөгөөд мэргэжлийн эмч болоод нарийн мэргэжлийн эмнэлэгт яаралтай хандах болоод 3 дугаар шатлалын эмнэлэгт эмчлүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа маань хорих ялыг үргэлжлүүлэн эдлэх нөхцөлд миний амь нас аврагдах боломж тун муу болох нь надад илтэд мэдрэгдэж байна. Би буруу зүйл хийснээ зөвшөөрч, өөрийгөө зэмлэж, үүндээ өдөр бүр шаналсаар байгаа бөгөөд хийсэн гэм буруудаа маргах зүйлгүй, цорын ганц хүсэлт бол энэ хүнд өвчний улмаас хорих байгууллагад амь нас минь эрсдэх нөхцөл үүсээд байгаагаас та бүхэн амь насыг минь аварч, эмчлүүлэх боломжоор хангаж, хорих ялыг минь торгох ялаар сольж өгнө үү гэж гуйж байна. …” гэсэн байна.
“Шинжиан шинфа” компанийг үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч Сүн Гуан Чен өмнө нь хахуулийн хэрэгт холбогдож байв
“Шинжиан шинфа” компанийг үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч Сүн Гуан Чений хувьд бусдад хахууль өгсөн хоёр дахь хэрэгтээ ял шийтгүүлээд буй нь энэ. Өмнө нь Төрийн банкны удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан хүмүүст хахууль өгсөн хэрэгтээ ял эдэлж байв. Тодруулбал, БНХАУ-ын иргэн Сун овогт Гуан Чины үүсгэн байгуулсан “Шинжан Шинфа” ХХК нь 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээлийг авсан мөртлөө уг зээлээ эргэн төлөөгүй байдаг. 20 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд зах зээлийн үнэлгээ нь 300 орчим сая төгрөг хүрэх ганцхан орон сууцыг авсан, “Шинжан Шинфа” ХХК-ийн 20 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтийг гаргасан өдөрт нь багтаан олгосон хэргийг 2019 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Төрийн банкны захирал Д.Баярсайханд хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож, төрийн албанд ажил эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хаасан байна. Мөн шүүгдэгч Сун Гуан Чин-д 2 жилийн хугацаагаар хорих ял оноосон бол, Төрийн банкны захирлууд болох Б.Цэндсүрэнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жилийн хугацаагаар хассан, Г.Тогтохбаатарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, Л.Чинбатыг 10.000.000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Д.Ганбаатарыг 10.000.000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, М.Болортуяаг 120.000.000 төгрөгөөр торгож, Ц.Энхтунгалагт 1 жил 6 сарын хорих ял оноосон билээ. Мөн “Шинжан Шинфа” компаниас 20 тэрбум төгрөгийн хохирлыг гаргаж, Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарсан түүхтэй.