Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн нь 2024 онд Монгол Ардын Намаас Засгийн газрын кувотоор тохоон томилогдож, дотроосоо дарга болж байсан билээ.
Тэрээр төрийн албанд ажилласан ихэнх хугацаагаа Боловсролын яаманд ажиллаж байсан намтар түүхтэй нэгэн. Боловсролын салбар, түүний бодлого, чадавх, чанар, хүртээмж бүгд энэ хүний боловсруулсан бодлого үйл ажиллагаатай нягт холбоотой бөгөөд сайд, төрийн нарийн бичгийн дарга, удирдах албан тушаалаар хагас жарны хугацаа түүнд хамаарна.
Ажилласан туршлага:
- Соёлын яаманд хуулийн зөвлөх
- Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
- Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
- Боловсрол, шинжлэх ухааны сайд
- Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
- Төрийн албаны зөвлөлийн даргаар 2024 оноос.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, мөн Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг. Дээрх заалтыг үл хэрэгсэж, зөвлөлийн даргаар томилогдохоос өмнөх төрд учруулсан хохирлоо төлөөгүйн дээр, төлөхийг шаардах өмнөх бүрэлдэхүүний шийдвэрийг ч энэхүү эрхэм нуун дарагдуулж, эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль бус томилгоог хийж, багаараа ирж төрийн албаны шинэтгэлийг үргэлжүүлж эхэлсэн гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ.
Улмаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар, дураараа захиран зарцуулахын дээр одоо бүр албаны машиныг ажлын бус цагаар хувийн ажилдаа хэрэглэж байсан аж. Энэ үед жолооч нь зогсож байсан машины араас орж мөргөлдүүлж орхисон гэх мэдээлэл манайд ирлээ.
Уг машин засвар авах боломжгүй болсон гэдгийг хэлэх хүн ч байгаа юм.
Харин Төрийн албаны зөвлөлийн дарга явгараагүй бөгөөд албаны тэрэг эвдэрсэн ч солиод унах сэлгээний Land 200 мөн бий л дээ…
Ер нь энэ байгууллага хуульд заасан бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, чадамжгүйн дээр 2019 онд томилогдон ирсэн 2 гишүүн Д.Баатарсайхан, Б.Идэрчулуун, өөр ажил албан тушаалд томилогдон (Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн) Д.Зүмбэрэллхамын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд нөхөн сонгогдсон Ц.Амартөгс нарын бүрэн эрхийн хугацаа нь дуусчихаад байхад эрх ямбаа эдэлж, өдийг хүртэл албан тушаалтайгаа зууралдан, Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос дахар цалинжиж, шалгасан байгууллагынхаа зардлаар гадаадад аялж, хөдөө орон нутагт сургалт нэртэй албан тушаалтнууд биелүүлдэггүй, хэрэгждэггүй хууль, журам, хийж гавиагүй тайлангаа тавьж яваа юм гэнэ.
Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар УИХ-ын даргатай ажиллахдаа Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгсөд анхааруулж байсан, Үндэсний аудитын газрын дүгнэлт, Сангийн яамнаас бодлогын газар нь эсэргүүцсэн, хэвлэл мэдээллээр уг сэдэв хөндөгдсөн боловч мөн л замхраад байна. Төрийн албаны зөвлөлийн 2 ч гишүүн давхар цалинжихаас татгалзсан байдаг боловч яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй л үлдсэн.
Хууль тогтоогчид төрийн албаны тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулж төрийн албаны реформыг эрчимтэй эхлүүлэхгүй бол болохгүй нь ээ.
“Шатыг дээрээс нь шүүрддэг” гэдэг үг байдаг Монгол Улсын Улсын Их Хурал, Засгийн газар, төв байгууллагаасаа шударга үйлдэл, зөв ажлыг эхлүүлж жирийн төрийн албан хаагчдаа үлгэрлэн дагуулна уу…
Монгол Улс тунгалаг төртэй болох болтугай.
А.Баярмаа
Холбоотой мэдээлэл:
ТАЗ-ийн дарга, гишүүд хоёр газраас давхар цалин авч байна – https://www.tac.mn/article/146938
“Хуулийн хулгай”-гаар Төрийн албаны зөвлөл чадамжгүй болсон нэгэн жишээ – https://www.tac.mn/article/147060
Хүчгүйдсэн ТАЗ эрх мэдлээ Аудитад булаалгаж, Аудитад өөрсдөө шалгуулж байна – https://www.tac.mn/article/147403
1 сэтгэгдэл
Өө муу сайн бугнууд төрд гай болохоос гавьяа байгуулахгүй юмдаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нар давхар дээлтэй байгаа нь эдэнтэй л барьцаж байгаашдээ…