Өвлийн аялал жуучлалыг хөгжүүлэхээр Хөвсгөл нуурын эрэг дээр “Leona” амралтын баазаа байгуулсан А.Амартүвшинтэй гүн хөх мөсний гялбаа тэнгэрт цацрах нуурын эрэг дээр уулзсан юм. Хүн бүрийн зориглож зүрхэлдэггүй энэ салбарыг хөгжүүлж, жишиг бааз байгуулахын тулд тэрбээр 3.6 тэрбум төгрөгийг халааснаасаа гаргажээ. “Хөгжлийн энэ байдлаар ойрын 100 жилдээ оруулсан энэ хөрөнгө оруулалтынхаа барааг харахгүй байх гэж инээсэн энэ хүн “Зааг” группийн захирлаар ажилладаг. Барилгын салбарт 20-иод жил ажилласан туршлага дээрээ тулгуурлан мөнх цэвдэгтэй Хөвсгөл нуурын хөвөөнд цэвэр, бохир усны шугамд холбогдсон барилгуудыг эхнээс нь сүндэрлүүлж яваа юм. Ингээд “Зааг” группийн захирал А.Амартүвшинтэй аялал жуучлалын салбарт тулгамдаж буй асуудал болон түүнээс гарах гарцын талаар ярилцсанаа хүргэе.
-Манай улсын эдийн засгийн голлох хөшүүргээр яах аргагүй аялал жуучлалын салбарнэрлэгддэг. Гэсэн атлаа тодорхой зохицуулалтгүй байдал эсвэл төр, хувийн хэвшлийн шүтэлцээ дутмагаас болсон уу. Ямартай ч өвлийн аялал жуучлалыг хөгжүүлэхэд зориг гаргаад хөрөнгө зарах иргэд цөөн байна. Та жишиг бааз байгуулж, хөгжүүлэхээр томоохон хөрөнгө оруулсан. Яагаад энэ салбарыг сонгосон бэ. Уг нь таны хөрөнгө оруулсан 3.6 тэрбум төгрөг ямар ч бизнесийг хөл дээр нь босгочих хэмжээний мөнгө шүү дээ?
-Би үүнийг хийх хийх ёстой гэж бодсон болохоор л хөрөнгө оруулсан. Би ингэж боддог юм. Хэдэн гэр барьсан болчихоод Хөвсгөл гэдэг нэрийг ашиглах юм бол энэ салбар хөгжихгүй. Хөгжүүлмээр байвал зохион байгуулалттай хийх ёстой. Стандартаар нь хөгжүүлж байж л бусдыг татна биз дээ. Тэгэхгүй зуны улиралд хэдэн нэр барьчихдаг. Гадна, дотнын жуулчин ирэхээр нь амандаа орсон үнээ хэлдэг. Ийм байж болохгүй. Өнөөдөр, маргаашдаа ийм байдлаар өдөр хоногийг өнгөрөөж болно л доо. Гэхдээ хэдэн жил ингэж амьдрах вэ. Тиймээс л “Салхи сөрж байж л салбар хөгжих юм байна. Нутгийн хүүхдийн хувьд энэ салхи хагалъя” гэж шийдсэн. Хэрвээ амжилтад хүрвэл бусад маань үлгэр аваг. Нөгөөтэйгүүр, таны асуулт дотор яагаад Монголын аялал жуулчлал урсгалаараа яваад байна вэ гэдэг асуулт байна. Миний өнцгөөс харвал ийм. Төр нэг хэлээр ярьдаг. Гэтэл бизнес эрхлэгчид дахиад өөр нэг хэлээр, хэрэглэгчид бүр өөр хэлээр ярьдаг. Ийм хүндрэлийг шийдэхийн тулд мастер төлөвлөгөөгөө хоёр талын зөвшилцөлтэй гаргах хэрэгтэй. Тэгж байж энэ салбар явна. Европоос жуулчин татна гэж баахан мөрөөдөж, үзэсгэлэн, хуралд оролцдог доо. Гэтэл бодит байдал дээр ямар хүмүүс Монголын зорьдог вэ гэхээр үүргэвчтэй аялагчид л ирдэг. Халаасандаа 10 ам.доллартай. Тэдний зарим нь монголчуудаас илүү байгаль бохирдуулдаг гээд бод доо. Ийм хүмүүс аялал жуучлалын салбарт орлого оруулах уу.
Бид ийм хямд аялал жуулчлалыг хөгжүүлж, тооны араас хэт хөөцөлдсөн. Тиймээс аль чиглэлийн хүмүүсийг эх орондоо татах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, хүн болгон гадагшаа аялах боломж нь бүрдчихлээ. Бид гаднын улсад очихдоо юуг хүсдэг билээ. Яг үүнтэй адилхан. Бидний хамгийн том алдаа бол нэг л хэвийн засал чимэглэлтэй байшин эсвэл гэрт жуулчидыг байрлуулдаг. Гэтэл тэд юу хүсч байна вэ гэхээр тухайн улс орны өөрийн гэсэн онцлогыг үргэлж эрэлхийлж хүсч байдаг. Өөрөөр хэлбэл, манай амралтын газар гэхэд Хөвсгөлийн дархчуудын урласан гар хийцийн бүтээлээр байшин болон гэрээ чимэглэдэг. Хөвсгөлд ирсэн хүнд тайгын өнгө аясыг мэдрүүлэх ёстой. Сэтгэлд нь ийм мэдрэмж төрүүлж, үлдээхийн тулд “Тайгын люкс” гэдэг дизайны урсгал гаргахаар ажиллаж байна. Яахав, гараар урласан бүтээлийн ханш өндрөөс эхлээд бэрхшээл бий. Гэхдээ үүнээс жийрхэж болохгүй. Нэгэнт л төгс зүйл хийх гэж байгаа бол төгс зүйлийг нь ашиглах ёстой шүү дээ. Хайнан, Чэйжү, Хавайд очиход өөр өөр өнгө аяс мэдрэгддэг дээ. Гаднын улс орон руу аялаж ирээд “Тэр их гоё, сэтгэлээс огт гарахгүй юм” гэдэг шиг. Ийм этник өнгө аясыг бий болгосон тохиолдолд нэг соёлоос өөр нэг соёл руу орлоо гэсэн мэдрэмж авдаг. Өөрөөр хэлбэл, гаднын улс орнууд соёл уламжлалаа тухайн цаг үетэйгээ нийцүүлж хөгжлүүлсэн байдаг. Харин манай улсын хувьд нүүдэлчдийн соёл гэдэг утгаараа гэр, мал аж ахуйгаа л танилцуулдаг. Ийм тогтсон нэг хэлбэрийг цааш нь хөгжүүлж, дизайны урсгал болгоё гэхээр саад их тулгардаг.
-Танай жуулчны хөвдөг зочид буудлаас эхлээд олон зүйлээр бусад жуулчны баазаас ялгарч байгаа нь их таалагдлаа. Иргэд яаж хүлээж авах юм?
-Маш их сонирхож байна лээ. Гэхдээ их айдастай хүлээж авсан.
-Жуулчин авч үзсэн үү?
-Жуулчны бааз маань албан ёсоор энэ өвөл нээлтээ хийсэн болохоор жуулчин авч үзээгүй байна. Найз нөхөд сонирхолын шугмаар хөвдөг зочид буудалд байрласан. “Их гоё юм. Гэхдээ өмнө нь үзээгүй болохоор жаахан айлаа” гэж байсан.
ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАГЧИД БУС ЭДИЙН ЗАСАГТ БОДИТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ АЯЛАГЧДЫГ ТАТАХ ЁСТОЙ
-Хөвсгөлийг аялал жуучлалын цөм болгоход шууд нислэг чухал үүрэгтэй. Тиймээс Эрхүү-Хөвсгөлийн хооронд шууд нислэгтэй болох ёстой гэж Аймгийн засаг дарга Ганболдыг хэлэхийг сонсоод “Нээрээ л тийм шүү” гэж бодогдсон. Шууд нислэгтэй болох хэлэлцээр хийгдсэн юм болов уу. Танд мэдээлэл байна уу?
-Ойлголцлын гэрээ хийсэн гэж ойлгосон. Цаашдаа хоёр талаас гэрийн даалгавраа хийх байх. Шууд нислэгтэй болъё гээд шууд болчихгүй шүү дээ. Судалгааний ажил хийхээс эхлээд ажил мундахгүй их бий. Хэрвээ ажил хэрэг болбол зөвхөн Хөвсгөлийн аялал жуучлал гэлтгүй улсад хэрэгтэй. Яагаад гэвэл Эрхүү дэлхийтэй холбогдчихсон. Гэтэл манай улсын цонх хэд билээ. Европийн цөөн хэдхэн улс, Токио, Сөүл, Бусан гээд бараг дуусдаг биз дээ. Ийм цөөхөн цонхон дунд дахиад нэг цонх нээгдэх нь бидэнд ашигтай. Эрхүү Хөвсгөлийн хооронд 300 гаруйхан км зайтай шүү дээ. Энэ давуу талаа ашиглах ёстой.
-Үүргэвчтэй аялагчид дотоодын аялагчдаас илүү байгаль орчин бохирдуулдаг гэж та хэллээ. Жилд 120 мянган жуулчин Хөвсгөлд ирдэг. Гэтэл Хатгал дахь жуулчны баазууд нийлээд 1800 хүн хүлээж авах боломжтой гэсэн. Эндээс нэг зөрүү тоо гарна даа?
-Тэгэлгүй яах вэ.
-Эдгээр жуулчдын олонх нь хамгийн багадаа 2-3 хоногоор Хөвсгөлд хоноглодог байх. Тэд хаана байрладаг юм бол. Айл саахалтаар уу, эсвэл майхан бариад хоног төөрүүлдэг юм болов уу?
-Янз бүр. Яг үнэнийг хэлбэл иргэд дургүйцэх л байх. Гэхдээ яая гэхэв. Үнэн л юм хойно. Майхантай жуулчдыг хөвсгөлчүүд “зэвлэгүүд” гэж нэрлэдэг. Ийм жуулчид ихтэй газар шүү дээ, манай нутаг. Монголчууд ч байна, гаднынхан ч байна. Хаа сайгүй майхан зоож, хогоо хаядаг. Буудалласан газартаа бие засна. Ойртохын аргагүй. Тэдний хоноглосон газарт “Минэ дэлбэрнэ шүү” гэж нутгийн иргэд ойртохоос цэрэвдэг гээд бод л доо. Зарим үед Жанхайн орчимд архины шил овоолгоостой болчихно.
-Тэгэхээр зөвхөн монголчууд өөрсдөө хог хаядаг гэсэн нь өрөөсгөл болох нь ээ?
-Үүргэвч үүрсэн гаднын нөхөр ялгадасаа хаана хадгалах уу. Үүргэвчинд нь хоол хүнс, хувцас хунар нь байгаа шүү дээ. Гартаа бариад явах уу. Тийм зүйл хаана ч байхгүй. Гаднынхан гэхээр тахин шүтдэгээ болих хэрэгтэй. Хүн л юм чинь иднэ, ууна биз дээ.
-Хоёулаа үндсэн сэдэвтээ эргэж оръё. Тань шиг өвлийн аялал жуучлал хөгжүүлэх сонирхолтой иргэд хамгийн наандаж дэд бүтцээ хэрхэн шийдэх вэ гэдгээс эхлээд бэрхшээлтэй тулгарах нь. Магадгүй төрөөс дэмжих замаар энэ салбарыг хөгжүүлэх боломжтой юу. Эсвэл хөрөнгө оруулагчид энэ эрсдлээ өөрсдөө хариуцах ёстой юм болов уу?
-Их хэцүү асуудал. Тухайн баазад хөрөнгө оруулах асуудал бол тухайн баазын л асуудал. Нөгөөтэйгүүр нэгдсэн дулааны шугам сүлжээ байгуулж, ажиллана гэвэл замдаа хөлдөх аюултай. Бод л доо. Манай баазад 200 метр шугам сүлжээ хийхэд хөлдчихдөг. Тиймээс байнгын ажиллагаатай байхгүй л бол болохгүй. Яахав, зундаа нэгдсэн шугам сүлжээ ашиглаж болох байх. Гэхдээ хамгийн гол асуудал нь өвлийн улирал. Хатгалын хөрс 20 см-ээс доош мөнх цэвдэгтэй. Зундаа шүү. Хатгалд олон айл худаг ухсан. Өвөлдөө тас хөлдсөн. Том байшин барьсан хүн ч бий. Нурж унасан харагдсан. Их хэцүү л дээ
-Тэгвэл та ямар технологи ашиглаж ийм том байшингууд барьсан юм бэ?
-Би том, жижиг барилга бариад 20-иод жил болж. Энэ хугацаанд багагүй туршлага хуримтлуулсан. Хандгайтад хэдэн байшин барьсан юм. Тэнд 30-40 см-ээс мөнх цэвдэг эхэлдэг юм. Энэ утгаараа барилга барих бүтэц эндэхтэй дөхүү байсан. Мөнх цэвдэгтэй газарт барилга барихдаа дан нуруу, нил битон, аяган суурь цутгасан. Хосолмол технологи гэсэн үг. Хамгийн гол нь цэвдэгээ гэсгээж болохгүй. Шон суурь өндөр байх ёстой. Өндөр байж гэмээн цэвдэг гэсэхгүй. Цэвдэг гэслээ бол байшин нурж унана. Хэрвээ дэд бүтэц байгуулах боломжгүй гэвэл цахилгааныг шөнийн тарифд шилжүүлчихвэл зүгээр юм болов уу гэж харсан.
ХӨВСГӨЛ НУУРЫН ГҮНД 70 МЕТРИЙН ЦААДАХ ХАРАГДДАГ
-Аялал жуучлал зөвхөн гоё байр, гоё хоолоор хэмжигдэхгүй болов уу. Үүнийгээ дагаад бусдаас ялгарсан тусгай хөтөлбөр бий болгох ёстой байх. Таны хувьд бусдаас яаж ялгарах төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
-Тэгэлгүй яах. Байр, хоол бол зөвхөн нэгхэн хэсэг нь. Бидний хувьд мөсний баяр бол бусад аймгаас ялгарах боломж. Өвлийн аялал жуучлалд тахтай морин аялалыг тогтмолжуулах хэрэгтэй байна. Гэтэл моринд тах удаан зүүвэл туурай нь улдана. Мөн “Экстрим Монголиа” компанитай хамтарч нуурын мөсөн доогуур шумбах үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эхний туршилтаа хийсэн. Гэтэл Хятадад үйлдвэрлэсэн шумбалтын хувцасны амьсгалын төхөөрөмж нуурын усанд хөлддөг юм байна. Тиймээс амьсгалын аппаратаа солихоос эхлээд багагүй ажил бий.
-Хэрвээ өвлийн улиралд нуурын усанд шумбадаг болчихвол олон жуулчин сонирхох байх даа?
-Сонирхоно гэдэг огт эргэлзэхгүй байна. Би өөрөө шумбаж үзсэн л дээ.
-Танд ямар санагдсан бэ?
-Үнэхээр гайхалтай. Хөвсгөл нуурын ус ямар гоё цэнгэг юм бэ. Ямар ч гоё үзэсгэлэнтэй юм. Үүнийг үзэхийн тулд багагүй эр зориг шаардах юм шиг санагдсан.
-Ийм үйлчилгээ нэвтрүүлэх саналыг танд хэн тавив?
-Олон залуус санал болгосон. Байгаль нууранд шумбалт хийдэг байсан залуус санал тавихаар нь гайхаад “Байгаль далай илүү ашигтай биш үү” гэж асуусан. Гэтэл “ Өмнө нь 60 метрийн урд байгаа зүйл харагддаг байсан бол одоо 15 метрээс цааш харагдахаа больсон” гэж хэлсэн. Харамсалтай байгаа биз. Гэтэл Хөвсгөл нуур маань юун 60 метр. 70 метрийн цаадах зүйл харагддаг. Ийм усанд шумбавал ямар кайф авах нь ойлгомжтой биз дээ.
ХАТГАЛД ОНГОЦ БУУДАГ БОЛЧИХВОЛ ИХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
-Үнэхээр гайхалтай санагдлаа. Үүнээс өөрөөр аялалын ямар хөтөлбөр байвал зүгээр бэ?
-Гурван арлын аялал байж болно. Нэг өдрийн явган аялал болно л доо. Түүнчлэн аргал, янгир үзүүлэх аялал байж болно. Гэхдээ зам хол учир судалга хийж, зам гаргах хэрэгтэй. Хэрвээ зам гаргаад техник хэрэгсэл явуулж чадвал 150-160 км зайд аргал, янгир харуулах боломжтой болно. Нөгөөтэйгүүр, 200 гаруй км яваад цаатны ахуйг үзэж болно.
-Өвлийн цагт ийм хол зайг тайгаар туулах хэцүү биз дээ?
-Хэцүү байлгүй яах вэ. Болдогсон бол Хөвсгөл аймаг дотооддоо бага оврын аялал жуучлалын онгоцтой болох хэрэгтэй. Өчигдөрхөн л “Ер нь яагаад “Хөвсгөл” авиа компани байгуулж болохгүй гэж” гээд бодож байлаа. Би хийнэ гэсэн үг биш л дээ. Дээхнэ үед АН-2 онгоцоор сум хооронд чөлөөтэй нисдэг байлаа шүү дээ.
-Магадгүй бизнесийн шинэ орон зай байж мэдэх л юм.
-Үгүйсгэх аргагүй. Хамгийн наандаж Хатгалд онгоц буулгадаг болмоор байна. Хөвсгөлд ирсэн жуулчдын 80 хувь нь Хатгалд ирдэг гээд боддоо. Машин гэж ярих байх. Гэхдээ онгоц буудаг болчихвол ямар сонголт хийх нь иргэдийн дур биз дээ. Магадгүй 1000 км замыг 10 гаруй цаг автомашинаар туулах уу, эсвэл хэдхэн цаг нисээд цаг хугацаа хэмнэх үү гэвэл та алийг нь сонгох бэ. Сонголттой байж л аливаа зүйл хөгждөг биз дээ.
-Хатгалд өмнө нь онгоц бууж байсан юм уу?
-Буулгүй яах вэ. Өмнө нь “Хангарьд” гээд компани нислэг үйлддэг байсан. Зам нь жаахан эвдэрсэн. Уг нь аймгаас дэмжээд янзалчихвал болмоор санагдаад байгаа.
АЛСЫН ХАРАГЧ ДЭЭРЭЭС ДАЛАЙ РУУ ҮСЭРДЭГ БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛНА
-“Скай резортс” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын өнгө нэгээр нэмэгдсэн. Танай баазын хувьд жуулчдад зориулсан хөтөлбөрөө нэмэх үүднээс ийм цанын бааз ч юм уу, эсвэл нуурын мөсийг түшиглэж коток байгуулах боломжтой юу?
-Яахав, Хатгалын хувьд Мөсний баяр, Хүслийн хад гэсэн хоёр брэндтэй. Үүнийг өргөжүүлэх чиглэлд ганцхан бизнес эрхлэгчийн хүч хүрэлцэхгүй л дээ. Би ганцаараа хөгжинө гэж байхгүй шүү дээ. Үнэндээ “Ганц дайчин ганцаарддаггүй” гэдэг шиг ирэх жилээс алсын харагч дээрээс далай руу гулгадаг байгууламж байгуулах, мөсөн зочид буудал зэргийг байгуулах төлөвлөгөө бий. Хамгийн гол нь жилд ганц нэгхэн удаагийн арга хэмжээ гэхээс илүүтэй олныг хамарсан хөтөлбөр долоо хоног бүр зохион байгуулбал нутгийн иргэдэд өгөөжтэй юм даа.
-Сүүлийн асуулт. Та энэ салбарт оруулсан хөрөнгө оруулалтаа хэдэн жилийн дотор нөхөж олно гэж төлөвлөсөн бэ. Зүгээр ч нэг 3.6 тэрбум төгрөг оруулчихаагүй байх?
-Ээ мэдэхгүй. Зуны гурван сардаа л ажилладаг Хатгалын өнөөгийн энэ нөхцөлөөр бол 100 жилийн дараа л хөрөнгө оруулалтаа олж авах байх даа.
-Үүнийг анхнаас нь тооцсон биз дээ. Танд алдагдалтай биш гэж үү?
-Яалаа гэж алдагдалтай байх вэ. Би энэ нутгийн хүүхэд. Төрсөн нутгийнхаа аялал жуучлалыг хөгжүүлэхэд гар бие оролцох чинь том буян шүү дээ.
Г.Нацаг-Эрдэнэ