Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Дэлхийн болон үндэсний сонгодог олон арван дуурийн гол болон туслах дүр бүтээж, ганц хүний дуурийг санаачлан гол дүрд нь тоглож, олон улсад Монгол Улсын дуурийн урлагийг сурталчлан таниулж, дуурийн дуулаачийн мэргэжлийн стандарт, хөтөлбөр боловсруулан, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлж, соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн дуулах ур чадварын багш, Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.