Монгол Улс 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Олон Улсын Хүний Үүргийн Өдөр”-ийг анх удаа албан ёсоор тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээг JCI Монгол байгууллага санаачлан, Улаанбаатар хотын төв Чингисийн талбай дээр зохион байгуулсан бөгөөд дотоод, гадаадын оролцогчид болон олон нийтийн анхаарлыг татсан өргөн хүрээтэй үйл явдал боллоо.
Тус арга хэмжээний үеэр хүний үндсэн долоон үүрэг болох амьдралыг хамгаалах, хүн төрөлхтөнд үйлчлэх, ирээдүйг тогтвортой байлгах, хөгжил цэцэглэлтийг бүтээх, хүний онцлогийг хүндэтгэх, өөрийгөө хөгжүүлж бусдад заах, хариуцлагатай манлайлах зэрэг сэдвээр долоон илтгэгч онцлох илтгэлүүд тавьж, эдгээр зарчмуудыг Монголын уламжлалт үнэт зүйлстэй хэрхэн уялдуулах талаар онцлон дурдсан юм.
Илтгэгчдийн дунд Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, О.Батнайрамдал, мөн JCI Монгол байгууллагын манлайлагчид, тэр дундаа JCI Импакт салбар байгууллагын Ерөнхийлөгч Б.Болортуяа, JCI Монгол байгууллагын 2024 оны Үндэсний ерөнхийлөгч Э.Энхдэлгэр нар багтсан байна. Арга хэмжээнд биечлэн 200 гаруй хүн оролцсон бол лайв стримээр 3,000 гаруй хүн үзэж сонирхжээ.
Мөн JCI Энэтхэг байгууллагаас санаачлан хэрэгжүүлсэн, дэлхийн 24 орны оролцоотой, 24 цагийн турш тасралтгүй үргэлжилсэн “The Sun Never Sets on JCI” олон улсын соёлын марафонд Монгол Улс оролцлоо. Монгол Улсын төлөөлөгчид энэхүү дэлхийн хэмжээний хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, хүн төрөлхтний өмнө хүлээсэн нийтлэг үүрэг хариуцлага, ёс зүйн манлайллын ач холбогдлыг тодотгож чадсан билээ.
Арга хэмжээний төгсгөлд оролцогчид болон олон нийтэд хандан, жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдрийг НҮБ-аас албан ёсоор “Олон Улсын Хүний Үүргийн Өдөр” болгон зарлуулах өргөдөлд цахим гарын үсгээ зурж дэмжихийг уриаллаа.
Монгол Улс ийнхүү “Олон Улсын Хүний Үүргийн Өдөр”-ийг анх удаа тэмдэглэснээр дэлхийн хариуцлага, тогтвортой хөгжил, ёс зүйн манлайллыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх чухал алхмыг хийлээ.




