Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарыг “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах“ гэх зүйл ангиар яллагдагчаар татсан гэж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Тэгвэл 20.16 нь Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах зүйл анги бөгөөд торгох, олон нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 3 жилээр хорих ялтай.
Тэгвэл тэднийг буруутгаж байгаа зүйл анги, яллах ял нь ч нэмэгдэх юм. Тодруулбал, уг хэргийг мөрдөж байгаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчөөс хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний байгууллагад шинжээч томилох тогтоол хүргүүлсэн. Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа аж. Шинжээчийн дүгнэлт гарсаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан зүйл анги өөрчлөгдөх, нэмэгдэх хуулийн зохицуулалттай байдаг.
Тиймээс Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Аамарсайхан нарт бусдыг бүлэглэн зодсон, хар тамхи хэрэглэсэн зэрэг үйлдлүүдээр зүйл анги, ял нэмэгдэх юм.
Тухайлбал,
- Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан үйлдэлд нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай.
Өөрөөр хэлбэл Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар үйлдэл тус бүрт ял оноох бөгөөд тэд хамгийн багадаа нэг жил хорих ял эдлэхээс гадна торгуулах, нийтэд тустай ажил хийх зэргээр ял авах юм. Харин ямар ял оноохыг хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн гаргасан прокурорын саналд шүүгчийн бие даасан, хараат бус байдал, хуулийн зохицуулалт зэрэг шууд хамаарах юм. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.
А.Баярмаа

