2025 оны 8-р сарын 13-ны өдөр Монголын Урчуудын Эвлэлийн галерейд “Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн” нээгдэх гэж буй нь монголын дүрслэх урлагийн түүхэн дэхь хүүхэлдэйн урлагийн түүх болон өнөөгийн хөгжлийг тоймлон харуулахаас гадна, уламжлалт өв соёл ба орчин үеийн ололт амжилтуудыг холбосон урлагийн түүхэн шинэ хуудсыг нээж буй онцгой арга хэмжээ болж буй билээ. Үзэсгэлэнд 20 гаруй хүүхэлдэйн уран бүтээлчид оролцож, өөрсдийн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах гэж байна.
Энэхүү үзэсгэлэн нь урлаг судлалын шинжлэх ухааны салбар болон нийт сонирхогч өргөн олны хувьд төдийлөн урлагийн бие даасан салбар хэмээн анхаарлын төвд ордоггүй хүүхэлдэйн урлагийн салбарт шинэ хуудас нээж, уран бүтээлчдийг нэгтгэж буй бөгөөд монгол үндэстний ертөнцийг үзэх үзэл, гоо зүйн хэм хэмжүүр, уламжлалт сэтгэлгээг хүүхэлдэйн урлаг хэрхэн өвлүүлж, соёлын тээгч болж буйг харуулах зорилготой. Тус үзэсгэлэнд тавигдаж буй хүүхэлдэйн бүтээлүүд уран бүтээлчдээс нарийн ур дүй, техник шаардахаас гадна дотоод сэтгэлийн илэрхийлэл, уран бүтээлчийн өөрийн дахин давтагдашгүй онцлогийг багтаасан бие даасан урлагийн бүтээлүүд буй гэдгээрээ онцлогтой.
Үзэсгэлэнд уран бүтээлчийн (зохиогчийн), уран сайхны гар хийцийн, загварын болон театр, анимейшн, киноны гэх мэт зориулалттай олон төрөл жанраар модон сийлбэр, ноос ноолуур, арьсан эдлэл, цаасан шуумал, гуулин суурьт 3D, механик хөдөлгөөнт гэх мэтчилэн өргөн техник технологийн дагуу бүтсэн хүүхэлдэйн бүтээлүүд багтжээ.
Үзэсгэлэнгийн хүрээнд мөн нээлттэй хэлэлцүүлэг, насанд хүрэгчид болон хүүхдүүдэд зориулсан уран бүтээлчдийн мастер класс сургалтууд зохиогдож байна.
- 📍 Байршил: Монголын Урчуудын Эвлэлийн галерейн их тэнхим (Сүхбаатарын талбайн чанх урд)
- 📅 Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа:08.13 – 2025.08.26, Өдөр бүр 10:00 – 18:00
- ⏰ Үзэсгэлэнгийн нээлтийн цаг: 08.13 , 18:00 цагаас
- 💵 Тасалбар: Үнэ төлбөргүй (нийтэд нээлттэй)



