Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр дэлхийн хүн амын 1 хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй байдаг гэж тооцоолдог. Монгол Улсын хүн амтай харьцуулбал ойролцоогоор 35,000 хүн аутизмтай байх магадлалтай гэж үздэг. Харамсалтай нь яг өнөөдрийг хүртэл манай улсад энэ талаарх судалгаа, бүртгэл хангалтгүй байдаг. Аутизмтай хүүхдийн сэтгэхүй, онцлог, тэдэнд зориулсан сургалтын ач холбогдлын талаар “Оюурах” төвийн эмч Ц.Мөнх-Эрдэнэтэй ярлцлаа.
– Аутизмтай хүүхдийн сэтгэхүй энгийн хүүхдийнхээс юугаараа онцлог вэ?
– Хамгийн гол онцлог нь аутизмтай хүүхдийн мэдээллийг хүлээж авах, боловсруулах, ойлгох арга барил өөр байдагт оршдог. Жишээ нь аутизмтай хүүхдийн аливааг маш нарийн ширийн түвшинд ажиглаж, бусдын анзаараагүй жижиг зүйлийг ч олж хардаг. Ихэвчлэн алхам дараалсан, шугаман сэтгэлгээ давамгайлдаг, зарим нь дүрслэн бодох, зарим нь тоо, дүрэм, логикт өндөр чадвартай байдаг. Харин хэл ярианы бус дохио буюу нүүрний хувирал, интонаци, биеийн хэл уншихад хүндрэлтэй байж болдог. Гэхдээ энэ нь тэднийг илэн далангүй, баримтад суурилсан харилцаатай болгодог тал бий. Нэг чиглэлийн мэдлэгт маш гүнзгий орж, тухайн чиглэлээр бараг насанд хүрэгчийн түвшинд ойлголттой болдог. Үүнийг бид “онцгой сонирхлын талбар” гэж нэрлэдэг.
– Аутизмтай хүүхдүүд энгийн хүүхдээс ялгаатайгаар өөр өнцгөөр асуудлыг харж чаддаг гэсэн үг үү?
– Тийм ээ. Аутизмтай хүүхдүүд заримдаа бидний төсөөлcнөөс ч өөр өнцгөөс, маш өвөрмөц байдлаар асуудлыг хардаг. Тэд аливааг задлан шинжлэхдээ хувийн логик дараалал баримталдаг. Бусад хүмүүсийн орхигдуулдаг жижиг нарийн хэсгүүдийг онцолж чаддаг. Энэ нь шинжлэх ухаан, урлаг, инженерчлэл зэрэг салбарт маш үнэ цэнтэй давуу тал болдог. Өөр өнцөг гэдэг нь зүгээр нэг “өөр бодол” гэсэн үг биш. Энэ бол өөр мэдээлэл боловсруулах зам, өөр ойлголтын бүтэц гэсэн үг. Тийм учраас бид тэднийг зөв орчинд хөгжүүлбэл, нийгэмд маш өвөрмөц хувь нэмэр оруулах чадвартай хүмүүс болж төлөвшдөг.
– Энэ чадварыг нь хэрхэн хөгжүүлэх вэ?
– Юуны өмнө хүүхдийнхээ онцгой өнцөг, сонирхлыг таньж мэдэх нь чухал. Аутизмтай хүүхэд аливаа зүйлд хүчтэй татагддаг бол тэр нь бидний хувьд сургалтын хаалгыг нээх түлхүүр болдог. Жишээ нь, зурагт дуртай бол дүрс, өнгө, комик ашиглан мэдлэг олгоход түлхүү анхаарна. Тухайн хүүхэд маань хөгжмийн мэдрэмж өндөр бол агуулгыг дуу, аялгуугаар дамжуулах гэх мэт.
Тиймээс аливаа мэдээллийг тогтсон хэлбэрээр олон дахин давтах, том зорилгыг жижиг алхмууд болгон хуваах, тогтвортой дүрэмтэй орчин бүрдүүлэх, амжилтыг байнга магтах, урамшуулах нь чухал. Гол нь тэдний “өөр өнцгөөр харах” чадварыг алдаа биш, давуу тал гэж үзэх сэтгэлгээ эцэг эх, багш, нийгэмд төлөвших ёстой.
– Aутизмтай хүүхдүүдийн онцлог нь сул тал биш, харин бүтээлч боломж гэж ойлгож болох нь ээ?
– Бид ихэвчлэн “өөр” гэдэг үгийг сул талаар ойлгодог ч үнэндээ энэ нь ердөө л өөр сэтгэхүйн зам гэсэн үг. Аутизмтай хүүхдүүд ердийнхөөс өөр өнцгөөс хардаг учраас тэдний олж хардаг шийдэл, санаа, бүтээл нь бусдад төсөөлөгдөхгүй байж болно. Энэ өөр байдал нь зөв дэмжлэг, зөв сургалтын орчинтой үед асар том давуу тал болон хувирдаг. Хамгийн гол нь тэднийг жишигт нийцүүлэх гэж шахах бус, харин тэдний онцгой чадварыг тодруулж, хөгжүүлэх орчин бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал хүүхэд өөрийн давуу тал, чадвараа бүрэн нээж, итгэлтэй, бүтээлч амьдарч чаддаг.
– Энэ онцлог нь сургалт, боловсролд яаж нөлөөлдөг вэ?
– Зөв сургалтын орчин, зөв арга барилтай бол энэ онцлог нь маш том давуу тал болж хувирна. Тухайлбал, дүрслэн бодох чадвар өндөр хүүхэд зураг, архитектур, инженерчлэл зэрэг чиглэлд онцгой амжилт гаргаж чадна. Логик, баримтад суурилсан сэтгэхүй нь програмчлал, шинжлэх ухаан, судалгаанд маш тохиромжтой. Гэхдээ энэ бүх чадвар зөвхөн тухайн хүүхдийн хэрэгцээнд тохируулсан сургалт, нийгмийн дэмжлэг байж гэмээнэ хөгждөг.
– Тэгвэл эцэг эх, багш нарт ямар зөвлөмж өгөх вэ?
– Юуны өмнө хүүхдийг ердийн жишигт тохируулах гэж шахахын оронд, түүний сэтгэхүйн онцлогийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хоёрдугаарт, сонирхлыг нь ашиглан сургалтын агуулгатай холбох нь илүү үр дүнтэй. Мөн өдөр тутмын амьдралд хэрэглэх чадварыг бага багаар, давтамжтай заах нь чухал. Эцэг эхийн ойлголт, дэмжлэг хамгийн чухал.
– Тэгэхээр сургалт нь тэдэнд үр дүнгүй гэсэн үг үү?
-Үгүй, огтхон ч тийм биш. Аутизмын хүүхдүүдэд сургалт бол маш чухал, бүр амьдралын чанарыг нь өөрчилдөг түлхүүр юм. Гагцхүү энэ сургалт нь ердийн нэг загвартай аргачлалаар бус, тухайн хүүхдийн сэтгэхүйн онцлогт нийцсэн хэлбэрээр явагдах ёстой. Жишээ нь, зарим хүүхэд ердийн ангид сурахад хүндрэлтэй байж болох ч зураг, дүрс, гарын хөдөлгөөн, технологийн тусламжтай сургалт илүү үр дүнтэй байдаг. Мөн мэдээллийг давтамжтай, тодорхой, алхам алхмаар заавал ойлголт нь батжиж, ур чадвар нь хөгждөг.
Өөр нэг чухал зүйл бол хүүхдийн сонирхлыг сургалтын агуулгатай холбох. Жишээ нь, хүүхэд галт тэрэгт дуртай бол математикийн бодлогыг галт тэрэгний зураг, өгүүлэмжтэйгээр өгөхөд суралцах идэвх нь хэд дахин нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, сургалт нь нэг жишигт тааруулах бус, тухайн хүүхдэд “тааруулж оёсон” хувцас шиг байх ёстой. Ингэвэл тэд маш сайн суралцаж, өөрийн онцгой чадвараа нээж чадна.
-Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа, танд ч мөн. Энэ ярилцлага уншигчдад аутизмтай хүүхдүүдийг дэмжих, тэдний онцлогийг ойлгоход тус болох байх гэж найдаж байна.

