Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сүлжээний Global Investigative Journalism Conference энэ жил анх удаа Ази тивд болж байна.

GIJC нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ур чадваруудыг бэхжүүлэх, орон орны сэтгүүлчдийн хамтын ажиллагааг тэлэх, сүүлийн хоёр жилд хийсэн гайхалтай бүтээлүүдээ танилцуулж харилцан суралцах, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, цахим аюулгүй байдал, техник технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхахад бэлтгэх ерөнхий агуулга дор чуулж ирсэн.
Энэ удаагийн гол сургалт нь дата дээр суурилсан эрэн сурвалжилга хэрхэн хийх, нээлттэй эх сурвалжийг нягталж шалгах, геомэдээллийн арга хэрэгсэл ялангуяа сансраас хэрхэн мэдээлэл шалгаж дата бүтээх, хил давсан хамтын эрэн сурвалжилга хөгжүүлэх арга дээр төвлөрч байна.
Мөн сэтгүүлчдийн ажиллах орчны хууль эрх зүйн зохицуулалт, ялангуяа сэтгүүл зүйн мэргэжлийн ажлыг эрүүгийн хэрэг болгон шийтгэх оролдлогоос хамгаалах, OSINT аргуудыг ашиглах, дүрвэгч сэтгүүлчдийг дэмжих механизм зэрэг сэдвүүдээр түлхүү хэлэлцэнэ.

Зуу гаруй орны 1500 орчим сэтгүүлч хүрэлцэн ирсэн Куала Лампурын чуулган офшор дансны датаг илрүүлэх шинэ аргууд, дата дүрсжүүлэлт, газрын зураглал, дижитал орчин ба AI-тэй холбоотой сорилтууд, дайны нөхцөлд эрэн сурвалжлах стратеги гэх мэт агуулга дор 150 гаруй салбар хуралдаан, эвент, мастер класс сургалт, хэлэлцүүлгээр таван өдөр үргэлжилнэ.
Энд Пулитцерын шагналт сэтгүүлчид, дата мэргэжилтэн, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн домгууд, сургагч багш нар зэрэг 300 илтгэгч иржээ.
Азийн орнуудын дижитал шилжилт, технологийн тэгш бус байдал, платформын зохицуулалтын шинэ загваруудыг тусгайлсан хэлэлцүүлэг, сургалтуудаар онцгойлон авч үзнэ.
Зөвхөн ярилцлага хэлэлцүүлгээр зогсохгүй тухайн эрэн сурвалжлах тодорхой төслүүдийг эхнээс нь гүйцэтгэхэд тохирсон хэрэгсэл, сүлжээ бий болгох тал дээр бас онцгой ач холбогдол өгч, хамтын ажиллагааг эхлүүлэх юм.

GIJC-ийн 14-р чуулган Азид анх удаа зохиогдож байна. Тиймээс Азийн орнуудын эрсдэлтэй орчин дахь сэтгүүл зүйн шинэ аюулгүй байдал, хэвлэлийн эрх чөлөөний сорил, мөн авлига, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, өгөгдлийн нээлттэй байдал зэрэг манай тивийн тулгамдсан сэдвүүдийг түлхүү хэлэлцэх нь.

Мөн Азийн орнуудын дижитал шилжилт, технологийн тэгш бус байдал, платформын зохицуулалтын шинэ загваруудыг тусгайлсан хэлэлцүүлэг, сургалтуудаар онцгойлон авч үзсэнээр энэхүү чуулганы агуулга бүсийн хэв маягийг илүү ойр тусгажээ.

Чуулган өнөөдөр (2020.11.21) өглөө 09:00 цагаас нээлтээ хийсэн бөгөөд Малайзын эрэн сурвалжлах “Malaysiakini”-г үүсгэн байгуулагч Прэмэш Чандран чуулганыг нээж мэдээллийн эрх чөлөө, бие даасан сэтгүүл зүйн үнэ цэнийг онцлон тэмдэглэв.

Мөн Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сүлжээний гүйцэтгэх захирал, сэтгүүл зүйн багш, ментор Emilia Díaz‑Struck “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй “амьд”хэвээрээ байна, хамтран ажиллагсад болон сайн дурын ажилтнуудаа хүндэлж, нийгэмлэгээ бэхжүүлэхийн төлөө хамтдаа ажиллацгаая” хэмээн уриаллаа.

Ц.Чимэддондог

