УИХ-ын гишүүн М.Нарантуяа цахим хуудсаараа дамжуулан өнгөрч буй 2025 оны талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр “Өнгөрөн одож буй 2025 он талархахгүй байхын аргагүй онцгой сайхан жил байлаа” хэмээн онцолсон байна.
Түүний хувьд энэ жил гэр бүлийн амьдралд нь сорилт бэрхшээл цөөнгүй тохиосон бөгөөд жирэмсний хугацаа, төрсний дараах үе гээд ажил, амьдралын олон талтдарамт, хэл ам, сэтгэл санааны хүндхэн мөчүүдийг туулсан гэдгээ дурджээ. Гэсэн ч сэтгэлээр уналгүй, хамтдаа даван туулсны үр дүнд гэр бүл нь бүрэн бүтэн үлдэж, ам бүл тавуулаа болж шинэ оны босгыг угтаж буйдаа талархал илэрхийлсэн байна.
Мөн тэрбээр шинэ ондоо хэн нэгнийг үзэн ядах, гомдох бус харин хайрлаж, талархаж, эрхэм бүхнийхээ үнэ цэнийг илүү мэдэрч, алдаа оноогоо засч, ажил амьдралдаа улам хичээж, амжилт, аз жаргалаар дүүрэн байхыг хүсч буйгаа бичжээ. Түүнчлэн 2025 оны хамгийн том талархал нь нандигнан хайрлах охин үртэй болсон явдал хэмээн онцолсон байна.
“Адармаатай өдрүүд олон байсан ч аз жаргалтай мөчүүд нь илүү их байлаа” хэмээн дүгнэж, 2025 ондоо талархал илэрхийлэн үдэж буйгаа илэрхийлжээ.

