Цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Энх-Амгалангийн хүү, ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх тасгийн мөрдөгч асан Э.Баясгалан залилангийн ХЭРГҮҮДЭЭР шалгагдаж байна. Тодруулбал,
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилангийн НЭГ
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст залилангийн НЭГ
- Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст залилангийн НЭГ
- Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилангийн ХОЁР нийт ТАВАН хэргээр шалгагдаж байгаа ажээ.
Үүнээс гадна цагдаагийн дотоод хяналт аюулгүй байдлын газарт тус тус шалгагдаж байна.
Өдгөө дээрх хэргүүдийн Сонингохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдсан 2405006911649 тоот хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд шилжжээ. Цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Энх-Амгалангийн хүү ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх тасгийн мөрдөгч асан Э.Баясгалан, Ц.Хойлогдорж нарыг Эрүүгийн хуулийн 17.3.2.2-д заасан гэмт хэрэгт буруутган яллагдагчаар татаж, удахгүй шүүгдэгч болох гэж байна. Тэдний холбогдсон хэрэг өмнө нь шүүхэд ирсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцсан байсан бөгөөд нэмэлт мөрдөн байцаалт дуусч Сонингохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ирэхэд бэлэн болжээ.
Тэднийг шүүхээс гэм буруутай гэж үзвэл Эрүүгийн хуулийн “17.3 дугаар зүйл.Залилах Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасны дагуу ял оноох юм.
Ч.Энх-Амгалан нь Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын газрын даргаар ажиллаж байсан. Түүний хүү Э.Баясгалан нь Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтэст ажиллаж байсан аж.
Тэдний хувьд залилангийн хэргийг амьдрах арга хэрэгсэл болгож, уг үйлдэлдээ цагдаагийн алба хаагч нарт хахууль өгсөн, бусдын амь насанд халдахыг завдсан зэрэг олон ноцтой гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тэдний холбогдсон хэргүүдийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.
А.Баярмаа

