УИХ-ын гишүүнЭ.Болормаа сонгуулийн үеэр 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэх асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Уг асуудалтай холбоотойгоор Э.Болормаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ. Уг хэрэгтэй холбоотойгоор түүнийг яллагдагчаар татаад байгаа юм.
Эрүүгийн хуулийн 14.5.2.3-д
14.5 дугаар зүйл.Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх
Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд; сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, яллагдагч Э.Болормаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасныг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өчигдөр (2026.03.03) хянан хэлэлцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “…эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор…” яллагдагч Э.Болормаад хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй байх тул яллагдагч Э.Болормаад 2026 оны 03 сарын 03-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

