Н.Мөнхнасан: Нийгмийн даатгалын тогтолцоог бодитоор шинэчлэх шаардлагатай
Эдийн засагч Н.Мөнхнасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлжээ. Түүний хэлснээр Эрүүл мэндийн даатгалын сангийн байдал доройтож, иргэд эмнэлгийн үйлчилгээндээ дахин төлбөр төлөх шаардлагатай болсон нөхцөл байдал нэлээд хугацаанд үргэлжилж байна.
Мөн Нийгмийн даатгалын сангийн алдагдал жилээс жилд нэмэгдэж, улсын төсвөөс жил бүр ойролцоогоор 1.5–1.6 их наяд төгрөгийн татаас авч байж тэтгэврийн зардлаа нөхөж байгаа нь энэ тогтолцооны тогтвортой байдалд эргэлзэхэд хүргэж байгааг онцолжээ.
Өнөөдрийн байдлаар ажилтан цалингаасаа 11.5 хувийн Нийгмийн даатгалын шимтгэл болон 10 хувийн хувь хүний орлогын албан татвар төлдөг. Харин ажил олгогч мөн 12.5–14.5 хувийн НДШ төлдөг бөгөөд ингэснээр хөдөлмөрийн зардлын нийт ачаалал 34–36 хувьд хүрч байгаа аж.
Түүнчлэн хувь хүн өөрийн ур чадвар, үйлчилгээ, зөвлөгөөг аж ахуйн нэгжид үзүүлсэн тохиолдолд давхар Нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлага үүсдэг нь зарим хүний хувьд шударга бус санагдаж, орлогоо нуух, дутуу мэдүүлэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын нийт шимтгэлийн ойролцоогоор 24 хувь байгаагаас 17 орчим хувь нь тэтгэврийн даатгалд ногддог ч Монголын тэтгэврийн тогтолцоо одоогийн ажиллаж буй иргэдийн шимтгэлээр тэтгэвэр авагчдыг санхүүжүүлдэг зарчимтай хэвээр байгаа нь хувь хүний бодит хуримтлал бага үлдэхэд хүргэдэг байна.
Үүний улмаас олон ахмад тэтгэвэрт гарсны дараа авдаг тэтгэвэр нь амьдралд хүрэлцэхгүй тул банкны өндөр хүүтэй зээл авах нь түгээмэл үзэгдэл болсныг тэрээр онцолсон юм.
Тиймээс нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоог бодитоор шинэчилж, хувь хүний бодит хуримтлал бий болгодог тэтгэврийн сангийн системийг бий болгох асуудлыг нухацтай хэлэлцэх цаг болсон гэж Н.Мөнхнасан үзэж байна. Мөн иргэдийн төлсөн татвар, шимтгэлийн үр шимийг бодитоор хүртдэг тогтолцоог бий болгож, орлогыг нь нэмэгдүүлэх бодит өөрчлөлт хийх шаардлагатайг онцоллоо.
