Лимино Баажий Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой өөрийн байр сууриа илэрхийлж, намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагаанд гүнээ сэтгэл дундуур байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр “Өчигдөр үнэхээр их гомдлоо. АН бол нөгөө намын гар хөл болчихсон юм байна гэдгийг өөрийн нүдээр харлаа” хэмээн онцолжээ. Түүний хэлснээр, намын дотоод сонгуулийн үеэр саналын өмнөхөн хэдхэн хоногийн дотор олон арван хүнийг бөөнөөр нь шилжүүлэн авчирсан бөгөөд тэдний дунд МАН-ын гишүүд ч байсан аж.
Мөн тэрбээр намын суурь шатанд ийм байдал үүссэн нь цаашдын үйл ажиллагаа, шударга өрсөлдөөнд ноцтой сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Ялангуяа залуус шударга байхын төлөө тэмцээд ч ийм тогтолцоонд ялалт байгуулах боломжгүй мэт санагдсан тухайгаа хэлжээ.
Түүнчлэн тэрээр АН-ыг бусдаас арай өөр байна гэж итгэж, хүлээлт тавьж явсан ч бодит байдал дээр ичиж, гомдох сэтгэгдэл төрснөө нуусангүй. Мөн Батцогтыг өмнө нь Баянзүрх дүүрэгт байхаас нь эхлэн дэмжиж ирсэн ч сүүлийн нөхцөл байдлыг хараад эсрэг талд үйлчилдэг хүн байсныг ойлгосон хэмээн шүүмжилсэн байна.

