Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал, УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнд холбогдох 2501000320053 дугаартай эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, нийт 35 хавтас, 8319 хуудас бүхий хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.
Д.Тогтохсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./
22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах буюу .Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./
22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах буюу улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./
22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх буюу Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./
22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Хахууль өгөх буюу Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ./
заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, 2026 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс шалгасан.
Яллагдагч Д.Тогтохсүрэн нь 2016 онд улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдийн нэрээр Сүхбаатар дүүргийн I хороон дахь 84.49 мкв орон сууцыг 820,0 сая төгрөгөөр худалдан борлуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн, Хан-Уул дүүргийн XI хороон дахь 400 мкв байрыг хөнгөлөлттэй үнээр авч бусдаас их хэмжээний хахууль авсан, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилогдон ажиллах үедээ хууль бус үүрэг чиглэл өгч 6600 тн төмрийн хүдрийн хуурай баяжмалыг ачилт тээврийн дараалалд оруулалгүйгээр тээвэрлүүлж, БНХАУ-ын “Нh” компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон, “ХЕ” компанийн захирал Э-гээс бусдаар дамжуулан 100,0 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуулийн 250,000,000 төгрөгийг хураан авч, тамга, гар утас зэргийг эд мөрийн баримтаар тооцож, 1,8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт 74 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 53 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 88 лавлагаа болон арилжааны банкнаас 31 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ 2 шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.
Шүүх хэргийг хүлээж авснаас 14 хоногт шүүх хурлын товыг гаргах бөгөөд бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

